Японы сүмо бөхийн холбооны шинэ бөхчүүдийн чансаа тогтоох барилдаан өчигдөр “Кокүгикан” ордонд эхэлж, есөн залуу мэргэжлийн сүмочдын эгнээнд элсэн орсон байна.
Тэдний дунд хоёр Монгол залуу байсан бөгөөд хоорондоо таарч барилдлаа. Тодруулбал, Архангай аймгийн Булган сумын уугуул, улсын гарьд Д.Рагчаагийн хүү Жамъянтогтох Асасэкирюү Б.Дашнямын “Такасаго” дэвжээнд элсэн орж, Асахакүрюү 朝白龍 буюу “Өглөөний цагаан луу” нэрээр барилдав. Түүнтэй Асахияма дэвжээний Токинишики хэмээх Цэндсүрэн Түшиг барилдаж, Р.Жамъянтогтох нь оши даши мэхээр ялжээ. Тэрбээр 24 настай, 181 см өндөр, 150 кг жинтэй.
Сонирхуулахад, Р.Жамъянтогтох нь Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Үндэсний их баяр наадамд дөрөв түрүүлж, тав үзүүрлэсэн, дархан аварга Д.Цэрэнтогтох агсны зээ билээ.