ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаярын ахалсан ОБЕГ-ын дэргэдэх Үндэсний аврах бригад болон Зэвсэгт хүчний жанжин штабын алба хаагчдаас бүрдсэн Эрэн хайх, аврах бүлгийн баг “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас өнөөдөр 04 цаг 34 минутад Турк улсыг зорилоо.
Газар хөдлөлтийн голомтод нурангинаас иргэдийг эрэн хайх аврах, эмнэлгийн яаралтай тусламж, дэмжлэг үзүүлэх тус баг онцгой байдлын байгууллагын 25, эрүүл мэндийн тусламж үзүүлэх 10, нийт 35 хүний бүрэлдэхүүнтэй байхаар Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас шийдвэрлэсэн. Тус баг голомтод 14 хоног үүрэг гүйцэтгэнэ.
Аврах багийн бүрэлдэхүүн нь 5-10 түүнээс дээш жилийн туршлагатай, гадны улс орнуудад аврах ажиллагаанд оролцож байсан, англи хэлний дундаас дээш мэдлэгтэй, зарим нь турк хэлтэй алба хаагчдаас бүрджээ. Тэдгээрээс хоёр нь эмэгтэй алба хаагч юм.
БНТУ-ыг зорьж байгаа Монгол Улсын аврагчдын багт үнэрч хоёр нохой багтаж байна. ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын 4 настай “Марта”, 3 настай “Балу” дуудлагатай ноход нь эрэн хайхад бүрэн сургагдсан. “Марта” нь төрийн цэргийн болон хүчний байгууллагуудын үнэрч нохдын уралдаанд 2019 онд тэргүүлж байсан аж.
Мөн цаг үеийн байдлыг халуун цэгээс нь мэдээлэхээр МҮОНРТ-ийн сурвалжлах баг тэдний хамт хөлгийн жолоо заллаа.