Турк, Сирийн нутагт нүүрлээд байгаа байгалийн гамшигт амиа алдсан хүний тоо 36900, гэмтэж бэртсэн хүний тоо 94 мянга давсан байна. Турк улсад амиа алдсан хүний тоо 31.600, гэмтсэн хүний тоо 80200 болж өссөн байна. Газар хөдлөөд 7 хоног өнгөрлөө. Аврах, эрэн хайх албаныхан 147 цагийн дараа нуранги дороос амьд хүн олсон ч одоо амьд хүн олох найдвар тасарч байх шиг байна.
Турк улсад одоо аврах эрэх хайх ажиллагааг зогсоож, сэргээн босголт руу төвлөрөх төлөвтэй байна. Энэ хүрээнд чанаргүй барилга барьсан компаниудын удирдлага, албан тушаалтнуудыг баривчлах ажиллагааг эхлүүлжээ. Турк улсад өнөөдрийн байдлаар дэлхийн 74 орны, 9793 хүний бүрэлдэхүүнтэй эрэн хайх аврах баг ажиллаж байна. Орон нутгийн аврагчид сайн дурынхан гээд нийтдээ гамшгийн бүсэд эрэн хайх аврах ажиллагаанд 238 мянга гаруй хүн оролцож байна. гамшгийн бүсэд 155 мянга гаруй майхан барьж, гамшгийн бүсээс 158 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Турк, Сирийн газар нутгийг дамнан 7,8 магнитудын хүчтэй энэхүү газар хөдлөлт дэлхийн түүхэн дэх хамгийн их хохирол учруулсан 10 газар хөдлөлтийн нэгд тооцогдож байна. Харин туркийн хувьд энэхүү газар хөдлөлт 1939 оноос хойших хамгийн их хохирол учруулсан гамшигт тооцогдож байгаа.
Гамшигт ингэж их хохирол амссаны гол шалтгааныг чанаргүй барилга, авлига хээл хахуультай холбоотой гэж иргэд нь шүүмжилж байгаа. Туркийн барилгын чанарын кодыг газар хөдлөлтийн инженерийн стандарттай нийцүүлэх ёстой ч тэр бүр мөрддөггүй юм байна. Туркийн хуулийн байгууллагууд чанаргүй барилга барьсан компаниудын удирдлага, албан тушаалтнуудыг баривчилж эхэлжээ. Газар хөдлөлтөд нэрвэгдсэн 10 мужид чанаргүй барилга барьсан хэрэгт холбогдуулан 131 хүнийг шалгаж байгаагаас 113-ийг нь баривчлах шүүхийн шийдвэр гарсан байна. Адьяман хотод нурсан хэд хэдэн барилгыг барьсан хоёр ч албан тушаалтныг Гүрж рүү гарах гэж байхад нь Истанбулын нисэх буудлаас өчигдөр баривчилжээ. Мөн Газиантеп мужид нурсан барилгад нэмэлт зай гаргах зорилгоор тулгуур багануудыг авсан хэргээр хоёр хүнийг баривчилсан байна.
Энэ баривчилгаа барилгын компаниуд болон туслан гүйцэтгэгчид рүү олон нийтийн уур бухимдлыг чиглүүлж, стандартын шаардлага хангаагүй барилга барихыг зөвшөөрсөн орон нутгийн болон төрийн албан албан тушаалтнуудаас олны анхаарлыг өөр тийш хандуулж магадгүй гэж Европын гол хэвлэлүүдэд мэдээлжээ. Гамшиг нүүрлэсэн 10 мужид нийтдээ 133 мянга гаруй барилгыг шалгахад 24,921 барилга нурж,зарим нь ноцтой цууралт эвдрэл үүссэн болохыг тогтоожээ. Иймээс 1 сая гаруй хүнийг түр хоргодох байруудад нүүлгэн шилжүүлсэн байна.