Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах гурав дахь удаагийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өчигдөр/2023.03.13/ эхэлсэн.
Гурав дахь удаагийн нээлттэй сонсголоор Монгол Улсын Хөгжлийн банкны эх үүсвэрээс арилжааны банкаар дамжуулан олгосон төсөл, хөтөлбөрийн зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүнгийн талаар хэлэлцэх юм. Сонсгол үндсэн хоёр асуудлын хүрээнд болох юм байна.
Нэгдүгээрт, арилжааны банкаар дамжуулан олгосон Хөгжлийн банкны эх үүсвэртэй 1.6 их наяд төгрөгийн 2542 зээлдэгчтэй холбоотой асуудлыг хэлэлцэнэ.
Хоёрдугаарт, 2011-2020 он хүртэлх хугацаанд арилжааны банканд Хөгжлийн банкны эх үүсвэрээс байршуулсан 3280 ширхэг мөнгөн хадгаламжийн хэлцэлд дүн шинжилгээ хийсэн талаар хэлэлцэх юм байна.
Нийт 2542 зээлдэгчтэй холбоотой асуудлын хүрээнд хэлэлцэх төслүүд:
• Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих замаар ажлын байрыг нэмэгдүүлэхэд чиглэсэн 151 төсөл,
• Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн ноос ноолуур, сүү, хүлэмж болон оёдлын салбарын 168 төсөл,
• Арьс ширийг дотооддоо гүн боловсруулах болон түүгээр бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үндэсний үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгох 57 төсөл,
• Экспортыг дэмжих импортыг орлох үйлдвэрлэлийн 888 төсөл,
• Жижиг дунд үйлдвэрлэлийн 70 тэрбум төгрөгийн дамжуулан зээл олгосон 406 төсөл,
• Ноолуурын салбарт эргэлтийн хөрөнгийн зориулалттай олгох хөнгөлөлттэй 11 төсөл,
• Үйлдвэрлэлийн чиглэлийн экспортыг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх 18 төсөл,
• “Асем вилла” цогцолбор хотхон, Ази Европын дээд түвшний 11-р уулзалтад оролцох төлөөлөгчдийг байрлуулах зочид буудлын дамжуулан зээлдэх 15 төсөл,
• Мах боловсруулах үйлдвэрлэлийн 1 төсөл,
• Мах хөтөлбөрийн хүрээнд 10 төсөл,
• Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах богино хугацааны 93 төсөл,
• Ноолуурын салбарт эргэлтийн хөрөнгийн зориулалттай “Ноолуур” хөтөлбөрийн хүрээнд 2018 онд олгосон 18 төсөл,
• Ноолуурын салбарт эргэлтийн хөрөнгийн зориулалттай 2019 онд олгосон 14 төсөл,
• Ноолуурын салбарыг дэмжих хөнгөлөлттэй нөхцөлтэй “Ноолуур” хөтөлбөрийн хүрээнд 2020 онд олгосон 47 төсөл,
• Газар тариалангийн хөтөлбөрийн хүрээнд Ковидын үеийн хөнгөлөлттэй нөхцөлтэй 833 төсөл,
• Хүнсний улаан буудайн нөөц бүрдүүлэх хүрээнд 2020 онд олгосон 5 төсөл