Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар Монгол Улсын хүн ам, Улс орны эдийн засгийг баталгаатай, хүрэлцээтэй усаар найдвартай хангаж, байгалийн үнэт баялаг болох усны нөөцийг хамгаалах, хэмнэлттэй, зүй зохистой ашиглахад талуудын оролцоог хангах, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор “Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганыг 3 дугаар сарын 24-ны өдөр зохион байгуулах гэж байна.
Манай Улсын нутаг дэвсгэрийн 76.9 хувь нь цөлжиж, доройтсон ба 2022 оны байдлаар 362 гол горхи, нуур тойром, булаг шанд ширгэсэн нь байгаль экологийн хүндрэлтэй байдал үүсгэж байна. Иймд усны нөөцийн асуудлыг олон нийтийн анхааралд хүргэх, Төрийн болон төрийн бус байгууллага, аймаг, нийслэлийн байгаль орчны газар, 21-н аймгийн сав газрын захиргаа, усны салбарын мэргэжлийн байгууллага, их дээд сургууль, эрдэмтэн, судлаачид, оюутан, сурагчдын төлөөлөл, ус ашиглагч иргэн, аж ахуйн нэгж байгууллага, олон улсын төсөл хөтөлбөрийн төлөөллүүд хамтран ажиллах, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох, урт хугацааны хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой 800 гаруй төлөөлөл уг чуулганд нэгдэж байна.
Чуулганыг угтаж 2023 оны 03 дугаар сарын 20-оос 22-ны өдрүүдэд гадаргын болон газрын доорх усны нөөц, түүний тулгамдсан асуудлууд, усны салбарын эрх зүйн орчны хүрээнд салбар хуралдааныг зохион байгуулах юм. Салбар хуралдаанд төрийн болон төрийн бус байгууллага, ус ашиглагч иргэн, аж ахуйн нэгж байгууллага, олон улсын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч нар оролцоно.
Нэмэлт мэдээлэл хүргэхэд Нэгдсэн үндэсний байгууллагаас жил бүрийн 3 дугаар сарын 22-ны өдрийг “Дэлхийн усны өдөр” болгон тэмдэглэж, устай холбоотой тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх гарцыг хамтдаа хайхыг уриалдаг юм. Энэ жилийг “Өөрчлөлт, сэргэлтийг хурдасгая” уриан дор тэмдэглэж байна.