Чингис хааны мэндэлсэн өдрийг тохиолдуулан МЗХ-ноос “Монгол улсын иргэний андгай өргөх ёслол” үйлдэхээр болжээ. Уг ёслолын ажлыг МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат санаачилсан юм байна. А.Мөнхбатын хувьд 2 жилийн өмнө бөөгийн онго сахиусаа өөртөө авсан гэдэг. Тиймээс Чингис хааны мэндэлсэн энэхүү өдөрт маш их ач холбогдол өгч байгаа аж. Түүнийг МЗХ-ны байрыг бөө мөргөлийн зан үйлийн холбогдолтой эд зүйлээр тохижуулж холбооны гишүүдийг “Алтан үнэний дээд аялгуу”, “Алтан дээд гэрэгэ” зэрэг шашны шинжтэй сургалт, судалгааны ажилд оролцуулдаг гэх гомдлыг ажилчид хэлдэг. А.Мөнхбатын хувьд тэнгэрийн зайран болсноосоо хойш нийгэмд чиглэсэн олон ажил хийж байгаа. Мөн “Хулгайчгүй Монгол”, “Хар, цагаан жагсаал” гэх мэт үйл ажиллагааг идэвхитэй зохион байгуулж, оролцож буй юм.