Иргэн Ц.Оюунгэрэл УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өнгөрсөн гуравдугаар сард тойрогтоо ажиллах үедээ сонгогчдод олны нүдэн мөнгө тараасан энэ үйлдлийг авлига хэмээн үзэж, шалгуулах хүсэлтээ Авлигатай тэмцэх газарт гаргасан.
АТГ-аас “Таны явуулсан мэдээллийг хүлээн авч, Мөрдөн шалгах хэлтэстээ шилжүүллээ” гэсэн хариу өгчээ. Дараа нь тус газрын мөрдөн байцаагч холбогдон “УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнтэй холбоотой нэмэлт мэдээлэл танд байна уу?” гэж асуусан байна.
Өнөөдөр буюу 2023 оны дөрөвдүгээр сарын 3-ны үдээс өмнө “Таны гаргасан гомдолд хэрэг үүсгээд, Прокурорт хянуулахаар илгээлээ” гэж мэдэгдсэн байна. Гэвч үдээс хойш нь 14.36 цагт мөн АТГ-аас “Таны гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах санал гарган, Прокурорт шилжүүллээ” гэсэн зурвас илгээжээ.
Энэ мэдээллийн дагуу иргэн Ц.Оюунгэрэл үзэл бодлоо илэрхийлэв. Тэрбээр, АТГ өглөө утсаар ярьсан мэдээллийнхээ яг эсрэг мессэжийг над руу илгээлээ. АТГ дөрвөн цагийн дотор шийдвэрээ өөрчиллөө.
Монгол Улсын холбогдох бүх хуульд УИХ-ын гишүүн, эрх мэдэл бүхий албан тушаалтан өөрийг нь сонгох эрх мэдэл бүхий сонгогчдодоо бэлэг, мөнгө тараахыг авлига гэж үзэж хуулиар хориглодог.
АТГ авлигачдад хариуцлага тооцох бус авлигачдыг ивээж байна. Авлигатай тэмцсэн жирийн иргэн Монгол Улсад яаж мухарддагийг би өөрийн биеэр харуулж байна. АТГ бол авлигачдыг хамгаалдаг байгууллага болжээ. Энэ нь авлига бол Монгол Улсад байх ёстой зүйл гэдгийг баталж байна гээд авлигач эрх баригчдыг сонгохгүй байхыг Хархорин сумын иргэдэд уриалав.