Д.Мөнх-Эрдэнийг шүүх хурал 9 цагаас эхэлнэ

Консул асан Д.Мөнх-Эрдэнийг  шүүх хурал БЗД-ийн шүүхэд 09:30 минутаас нээлттэй явагдана.

Өнгөрсөн гурван сард шүүхээс түүнийг суллаж, зорчих эрхийг нь хязгаарласан шийдвэр гаргасан. Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, бусад газар зорчихыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байдаг.

Гэвч прокуророос Д.Мөнх-Эрдэнийг сулласан шийдвэр гарсанд Ерөнхий шүүгчид гомдол гаргасан бөгөөд шүүгчийн гаргасан шийдвэрийг Ерөнхий шүүгч нь хүчингүй болгосноор Д.Мөнх-Эрдэнийг дахин цагдан хорьсон байдаг.

Сануулахад, түүнийг Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард улсын Өвөр Монголын өөртөө засах орны Хөх хотод суух Ерөнхий консулаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, бусдын нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн, мөн Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Б, Богдхант Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан П нарт албан тушаалын байдалтай холбогдуулан хахууль өгсөн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 1, 22.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байгаа юм