Татварын ерөнхий газар 2022 онд 9,3 их наядын орлого төвлөрүүллээ Энэ нь улсын төсвийн 60% гэсэн үг хэмээн Татварын Ерөнхий газрын дарга Б.Заяабал эдийн засгийн сэтгүүлчдийн клубын гишүүдтэй уулзах уулзалтын үеэр онцоллоо.
2022 онд 4,8 сая гүйлгээгээр 9,3 их наядын татварыг цахимаар төлжээ
Татварын байгууллага 100 хувь цахимжсан байна. 2022 онд 4,8 сая гүйлгээгээр 9,3 их наядын татварыг цахимаар төлжээ. Хуучин Улсын бүртгэлд бүртгүүлээд 14 хоногт багтаж татварт бүртгүүлдэг байсан асуудлыг халжээ.
Улсын бүртгэлд бүртгэгдсэн бол татвараас материалыг нь цахимаар татаад бүртгэлээ баталгаажуулах мессэжийг илгээснээр тухайн иргэн татварын байгууллага дээр биеэр очих шаардлагагүй болсон байна.
Мөн иргэнийг 12 оронтой ID- аар бүртгэдэг болжээ. Бүх төрийн байгууллагууд тухайн 12 оронтой ID- аар тухайн иргэний мэдээллийг авах боломжтой болсон. Хувиараа бизнес эрхэлдэг бол энэ 12 оронтой тоогоор НӨАТ-ын бүртгэлд бүртгүүлэх аж.
Нэг хувийн татварын системтэй улс Монголоос өөр байхгүй
2019 онд шинэчлэн баталсан татварын хуульд жижиг, бичил бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор 1 хувийн татварын системийг тусгажээ. ЗГ-аас нэг хувийн татварын системтэй болсноор жижиг, бичил аж ахуй нэгжийг дэмжих нэг суурь болно гэж тооцоолсон нь талаар болоогүй байна. Тодруулбал 2019 онд улсад төвлөрсөн татварын нийт орлого 5 их наяд байсан бол 2022 онд 9.3 их наяд болж өсчээ.
Энэ хүү систем нь далд эдийн засаг ил болох бас нэг хөшүүрэг болсон байна. ОУВС тухайн үед шинэ татварын хуульд тусгагдсан нэг хувийн татварын систем үйлчилж эхлэвэл орлогоо алдана гэж байсан боловч эсэргээрээ орлого өсчээ.
Одоо нийт татвар төлдөг аж ахуй нэгжийн 97 хувьд нэг хувийн татварын систем үйлчилж байгаа аж. Үлдсэн гурван хувийн 2,7 хувь нь 10 хувийн татварын систем, 0,3 хувь нь өндөр орлоготой Оюутолгой, Эрдэнэс тавантолгой, Эрдэнэт зэрэг компаниудад 25 хувийн татварын систем үйлчилдэг байна.
Хяналт шалгалт автомат систем рүү шилжсэн
Хуучин хяналт шалгалтыг төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бусаар шалгадаг байжээ. Төлөвлөгөөт шалгалтаар нэг компанийг 5 жилд нэг удаа тойргийн журмаар шалгадаг. Харин хууль хяналтын байгууллагаас ирүүлсэн хүсэлтээр хийгддэг шалгалт нь төлөвлөгөөт бус хэмээн нэрлэгддэг. Жилдээ 9-10 мянган компани шалгагддаг байсан байна.
Харин одоо хяналт шалгалтад хамруулсан татвар төлөгчийн тоо 4,3 дахин буурчээ. Эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг автомат систем дээр хийдэг болжээ. Тодруулбал тухайн татварын тайланг систем өөрөө шалгаад тайлан буруу байвал хэвлэдэггүй, зөв байвал хэвлэдэг болж автомат систем рүү шилжсэн байна.