Холбооны Бүгд Найрамдах Нигер улсын иргэн Эджикем Чимези Джон, Монгол Улсын иргэн Б.Хулан, Д.Ганболд, Т.Анхбаяр нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрөгч баасан гаригийн 20:00 цагийн үед завсарлаж арванхоёрдугаар сарын 2-ны өдөр буюу өнөөдөр 09:00 цагт үргэлжлэхээр болсон.
Хэргийг сануулахад, нэр дурдагдсан дээрх хүмүүс 2018 оны сүүлийн хагас жилд гадаадын аж ахуй нэгж, байгууллагуудтай ижил нэртэй зохиомол байгууллага байгуулж, цахим хэрэгсэл ашиглан их хэмжээний валют, эд хөрөнгө залилсан ажээ. Тодруулбал, “Лонати СПА”, “Делүксе мулти сервисес СРЛ” зэрэг ХХК-ийг зохиомлоор байгуулж, Бүгд Найрамдах Турк улсын “Алпин чорап” компаниас Итали улсын “Лонати СПА” компани руу шилжүүлэх байсан 234 мянган еврог өөрсдийн байгуулсан “Делүксе мулти сервисес СРЛ” ХХК-ийн Голомт банк дахь еврогийн харилцах дансаар хүлээн авч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн хэмээн Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдээд буй юм.