Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла 2023 оны 7 дугаар сарын 6-9-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, “Хоёр орны найрамдлын бэлгэ тэмдэг болсон газрын тосны үйлдвэрийн төслийг урагшлуулах, эрчим хүчний хамаарлыг бууруулахад гуравдагч хөршийн оруулж байгаа хувь нэмрийг илүү тодотгосон айлчлал болно” гэж онцоллоо.
Тэрбээр, “Монгол, Энэтхэг улс 1955 онд дипломат харилцаа тогтоосон. Түүнээс хойш хоёр улс харилцаа хамтын ажиллагаагаа тасралтгүй өргөжүүлэн хөгжүүлж стратегийн түншлэлд хүрсэн. Өнгөрсөн хугацаанд стратегийн түншлэлийн хүрээнд хоёр орны хооронд найрамдлын бэлгэ тэмдэг болсон томоохон ажлуудыг зохион байгуулж ирсэн. Төрийн өндөр дээд хэмжээний айлчлалуудыг тогтмол давтамжтай хийж ирсэн бөгөөд 1959 оноос хойш өнөөдрийг хүртэл нийтдээ 40 орчим айлчлалыг харилцан хийсэн байдаг. Харилцааны ийм түүхтэй улс орон цөөхөн. БНЭУ бол манай гуравдагч хөршүүдийн дотор гол орнуудын нэг. Эдийн засаг, бизнес, худалдаа төдийгүй шашин, соёл, түүх, хүн хоорондын харилцаа маш гүнзгий, оюун санааны хөрш юм. Хоёр улс олон зуун жилийн харилцаагаа стратегийн түншлэлийн түвшинд хүргэсэндээ хангалуун байдаг” гэв.
Сайд Б.Батцэцэг, “Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла-гийн айлчлал нь төрийн өндөр дээд хэмжээний айлчлалуудын давтамжийг хадгалахаас гадна стратегийн түншлэлийг шинэ шатанд гаргах зорилготой. Мөн эдийн засаг, худалдаа хамтын ажиллагааны чиглэлээр шат ахиулсан хэлэлцээг хийх, газрын тосны үйлдвэрийн төслийг урагшлуулж, хугацаанд нь ашиглалтад оруулах, эрчим хүчний хамаарлыг бууруулахад гуравдагч хөршийн оруулж байгаа хувь нэмрийг илүү тодотгосон айлчлал болно. Түүнчлэн бид стратегийн томоохон ач холбогдолтой төслүүдийг хэрэгжүүлэх эрмэлзэлтэй байдаг. Энэтхэг улстай газрын тосны үйлдвэрээс гадна батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагаа нэлээн өндөр түвшинд хүрсэн. Батлан хамгаалах салбарын хувьд хамтарсан цэргийн сургуулилалт хийхээс гадна тогтмол өндөр түвшинд харилцан айлчлал хийдэг. Харилцан туршлага солилцож, Монгол Улсын санаачилсан батлан хамгаалахын салбарын бүхий л үйл ажиллагааг тус улс маш идэвхтэй дэмжиж ирсэн” хэмээн онцлон тэмдэглэлээ.