Хүрээ цам даншиг наадам хоёр өдрийн турш Хүй долоон худагт болж өндөрлөлөө.
Тус наадмын үндэсний бөхийн барилдаанд хүчит 256 бөх барилдсанаас Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Сокол” ХХК, “Хатант интернэшнл” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар түрүүлсэн бол Төв аймгийн Сүмбэр сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Билэгт жонон” ХХК, “Дүнжингарав” дэвжээний бөх, улсын начин Г.Ганжад үзүүрлэлээ. Дөрөвт улсын заан Б.Бат-Өлзий, улсын харцага С.Сүхбат нар шалгарлаа. Мөн улсын арслан М.Бадарч, улсын начин Б.Даваа-Очир, Т.Дүгэрдорж нар шөвгөрөв.
Тус барилдааны үеэр “Самъяа” хийдийн бөх, аймгийн начин Б.Галсайханыг хаслаа. Учир нь бөхийн барилдааны 3, 4, 5-ын даваануудад Улсын начин Э.Ванданцэрэн, Улсын өсөх идэр начин Н.Мустафа, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун нар барилдахгүйгээр тахимаа өгөх, гарч ирэхгүй байх, огт идэвхгүй барилдах зэрэг үйлдлүүд гаргасан тул наадмыг үл хүндэтгэсэн хэмээн Цэц үзэж, уг шийдвэр гаргалаа. Мөн дээрх гурван бөхөд хариуцлага тооцох асуудлыг МҮБХ-ны Ёс зүй, сахилга, хариуцлагын зөвлөлийн хурлаар хэлэлцэхээр болсныг мэдэгдэв.
Энэ жилийн Даншиг наадмын бас нэг онцлог нь Өвөрмонгол, Буриад бөхийн барилдаанууд болж Монгол туургатны өргөн дэлгэр наадам боллоо.
Өвөрмонгол бөхийн барилдаанд 64 бөх барилдсанаас Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Пирамид орд”” ХХК, “Түшээт ханы аварга дэвжээ”-ний бөх, улсын өсөх идэр начин Э.Даш түрүүлж, Завхан аймгийн Баянтэс сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Мөнхөд Ашдын зам” ХХК, “Нэгдэл” клуб, “Даян” дэвжээний бөх, улсын харцага Ш.Пүрэвгарьд үзүүрлэлээ. Дөрөвт Дундговь аймгийн арслан Х.Батбаяр, ӨМӨЗО-ны бөх н.Батжаргал нар шалгарав.
Харин Буриад бөхийн барилдаанд 64 бөх барилдсанаас Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, “Алдар” спорт хороо, ОСНААУГ, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, аймгийн харцага Б.Өлзийсайхан түрүүлж, Ховд аймгийн Булган сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Булган өгөөж”, “Нэгдэл” клуб, “Ховд” дэвжээний бөх, улсын харцага Г.Ганхуяг үзүүрлэв. Дөрөвт Говьсүмбэр аймгийн арслан Б.Гончигтавхай, Дорнод аймгийн заан Г.Төрболд нар шалгарлаа.
Эх сурвалж: МҮБХ