Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/813 дугаар тушаалын дагуу иргэд лавлагаа шатлалын эмнэлэгт үзүүлэхдээ анхан шатны эрүүл мэндийн байгууллагаас 13А маягт буюу үйлчлүүлэгчийн онош, лавлагаа шатлалд илгээх болсон шалтгааныг үндэслэлийн хамт бичсэн мэдээлэл бүхий илгээх бичгийг заавал авч очдог.
Ингэхдээ хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүдээс 13а маягт нэхэж байгаа нь хүндрэлтэй байна гэж иргэд шүүмжилж байгаа. Тэгвэл ЭМДЕГ-аас мэдэгдэл гаргасан байна. Тус мэдэгдэлд, “Эрүүл мэндийн даатгалын цахим системд 0-18 насны хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээ болон жирэмсэн эмэгтэйчүүдийн жирэмсний хяналтын багцын тусламж, үйлчилгээний анхан шатны эрүүл мэндийн байгууллагаас лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад, лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагаас төрөлжсөн мэргэжлийн эмчийн хяналтад шилжих тохиолдолд илгээх бичиг шаардахгүй байх зохицуулалтыг оруулсан. Иймд дээрх тусламж, үйлчилгээнд гэрээ бүхий эрүүл мэндийн байгууллагууд нь 13А маягтыг шаардахгүйгээр иргэдэд чирэгдэл учруулахгүй ажиллахыг хүсье” гэжээ.