АЖЛЫН ХЭСЭГ ЛҮН, ЭРДЭНЭСАНТ СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА

Улсын онцгой комиссын даргын шийдвэрээр ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Баянмөнхөөр ахлуулсан ажлын хэсэг Төв аймгийн Лүн, Эрдэнэсант сумдад ажиллаж байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн сумдын Онцгой комиссын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, шаардлагатай техник хэрэгсэл, хүн хүч дайчлах зэргээр мэргэжил аргазүйн зөвлөгөөг өгч ажиллаж байгаа юм.
Мөн ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Төв аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид цасанд хаагдсан зам, гарцыг нээх, малчдыг нүүлгэн шилжүүлэх ажлыг аймаг, сумдын онцгой комисстой хамтран зохион байгуулж байна.
Лүн суманд энэ сарын 4-ний өдрийн 05:30 цагт орсон цас 11 цаг үргэлжлэн, аюулт үзэгдлийн хэмжээнд хүрсэн. Цаг уурын аюулт үзэгдлийн улмаас 17 иргэн шуурганд төөрсөн дуудлага, мэдээллийн дагуу ажиллаж, 16 иргэнийг эсэн мэнд олж, нэг иргэн амь эрсэдсэн. Урьдчилсан байдлаар 785 бог, 35 бод мал хорогдож, 170.2 сая төгрөгийн хохирол учраад байгааг мэдээллээ.
Улсын онцгой комиссоос Лүн, Эрдэнэсант суманд шаардлагатай байгаа түлшний дэмжлэг үзүүлж байна.
Мөн Төв, Өвөрхангай аймагт болсон байгалийн аюулт үзэгдлийн улмаас харамсалтайгаар амь насаа алдсан иргэдийн ар гэрийнхэнд тус бүр эхний ээлжинд таван сая төгрөгийн дэмжлэг олгохоор шийдвэрлэсэн.