Монгол Улсын парламент анх удаа Хүний эрх, жендерийн тэрш байдлын талаарх дотоодын үнэлгээг олон улсын асуумжаар хийлгэж байгаа юм. Энэ талаар тус үнэлгээг хийж байгаа дөрвөн шинжээчийн нэг болох МУИС-ын Социологи, нийгмийн ажлын тэнхимийн эрхлэгч М.Батбаатартай уулзаж ярилцлаа.
-УИХ анх удаа хүний эрх болон жендерийн үнэлгээ хийлгэж байгаа юм байна. Энэ үнэлгээг яагаад хийж байгаа юм бэ?
-Би энэ удаагийн парламентын үнэлгээний шинжээчээр ажиллаж байгаа. Хүний эрхийн үнэлгээ, Жендерийн мэдрэмжтэй байдлын үнэлгээ гэсэн хоёр үнэлгээг хийж байгаа юм. Үүнд хоёр, хоёр шинжээч томилогдон ажиллаж байна. Миний хувьд жендерийн мэдрэмжтэй байдал буюу Жендерийн үндэсний зөвлөхөөр ажиллаж байна гэж ойлгож болно. Мөн нөгөө талаас олон улсын хоёр зөвлөх ажиллаж байна. Энэ хоёр хүн бол парламентын үйл ажиллагааг үнэлдэг, энэ талаар мэргэшсэн хүмүүс байгаа. Тэгэхээр 1889 онд Олон улсын парламентын холбоо анх үүсгэн байгуулагдсан. Үүнээс хойш парламентуудыг хүний эрх, жендерийн эрх тэгш байдлыг хангах талаар хэр зэрэг үйл ажиллагаа явуулж байгааг, эргэцүүлж, шүүн тунгааж үнэлдэг тогтолцоо бий болсон. Монгол Улсын хувьд тэртээ 1992 оноос хойш парламентын засаглалтай болсноос хойших 31 жилийн хугацаанд анх удаа ийм үнэлгээ хийгдэж байна. Энэхүү үнэлгээг олон улсын туршлагад тулгуурлан хийж байгаа,
-Үнэлгээнд хэн, хэн хамрагдах ёстой вэ?
-Мэдээж УИХ-ын гишүүд энэ үнэлгээнд орно. Дээрээс нь парламентын өдөр тутмын үйл ажиллагааг хангаж байдаг УИХ-ын Тамгын газар, ажилтнууд хамрагдана. Мөн иргэний нийгмийн байгууллагаас ч төлөөлөл орно. Зөвхөн Улсын Их Хурлын гишүүд өөрсдийгөө үнэлэх биш институцийн түвшинд, оролцогч талуудын хамтын ажиллагааны үр дүнд парламент ямар байна вэ. Хүний эрх, жендерийн эрх тэгш байдлыг хангах тал дээр ямар амжилт гаргаж, алдаа оноо нь юу байна вэ гэдгийг эргэцүүлэх зорилгоор үнэлгээг хийж байна. Бид бүхэн шинжээчийн хувьд илүүтэй зөвлөж, чиглүүлж ажиллах үүрэгтэй. Харин энэ үнэлгээний эцсийн зорилго нь парламентыг сайн, муу байна гэдэг ч юм уу, харьцуулах, эсвэл бусад орны парламенттай жиших биш.
-Тэгвэл гол зорилго нь юу юм бэ?
-Тухайн парламентын хувьд үйл ажиллагаанд нь ямар амжилт гаргасан юм. Алдаатай болон оносон зүйл нь юу байна. Үүнийг цааш нь яаж сайжруулж болох вэ гэдгийг эргэцүүлж, шүүн тунгаах зорилготой.
-Нэг ёсондоо парламентад дүн тавих гэж байна гэж ойлгож болох уу?
-Яг дүн тавих гэж хэлж мэдэхгүй байна. Ерөнхийдөө тухайн үнэлгээ нь парламентын үйл ажиллагаанд хүний эрх, жендерийн эрх тэгш байдлыг бүх талаар хангахад дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Тэгэхээр дүн тавих гэхээсээ илүүтэй бид бүхэн яг одоо ямар байгаа юм бэ. Улс төрийн хүрээнд болон хөдөлмөрлөх эрх, эдийн засаг, тогтвортой хөгжлийн зорилтыг хангах хүрээнд ямар ажлуудыг хийж чадав. Цаашид юу хийх ёстой вэ гэдэг чиглэлд гол анхаарлаа хандуулж байгаа.
-Үнэлгээг чухам яаж хийдэг вэ?
-Парламентын өөрийн үнэлгээ бол стандарт асуумжуудтай. Нийт долоон үндсэн буюу өргөн хүрээтэй сэдвээр ярилцах шаардлагатай гэж бид үзэж байгаа юм. Хамгийн эхэнд ярилцаж, үнэлгээ өгөх бүлэг сэдэв маань Парламнет дахь эмэгтэйчүүдийн оролцоо, тоо, албан тушаал ямар байна вэ гэдгийг эргэцүүлж үнэлнэ. Парламентын судалгааны хүрээлэнгээс урьдчилсан байдлаар тойм судалгаа хийчихсэн байгаа. Дээрээс нь бид шинжээчийнхээ хувьд одоогийн нөхцөл байдал, тулгамдаж байгаа гол асуудлууд, шийдвэрлэх боломжуудыг давхар судалсан. Хоёрдугаарт, Жендерийн эрх тэгш байдлыг хангах, эрх зүйн болон бодлогын орчин ямар байна вэ. Гуравдугаарт, Парламентын үйл ажиллагаанд жендерийн эрх тэгш байдлыг хангах механизм бүрдсэн үү. Дөрөвт, Жендерийн мэдрэмжтэй соёлыг дэмжих дэд бүтэц, бодлого Монголд байна уу. Тавдугаарт, Парламентын гишүүдийн дунд жендерийн эрх тэгш байдлыг хангах үүрэг, хариуцлага ямар байна вэ. Зургаадугаарт, Улс төрийн намууд жендерийн эрх тэгш байдлыг хангах тэмцэгч байх хэрэгцээ шаардлага хэр хэрэгжиж байна вэ. Долдугаарт, жендерийн тэгш байдлын үр дүнг дэмжихэд парламентын ажилтнуудын үүрэг ямар байна вэ гэсэн долоон асуудлаар ярилцаж, үнэлнэ. Наад зах нь УИХ-ын гишүүд маань өөрсдийн туслахуудаа ямар хүйсийн хүмүүсээр голцуу бүрдүүлж байна вэ гэдгээс асуудал эхэлнэ. Хэрэв эмэгтэй гишүүд дотор хөхүүл хүн байлаа гэхэд хүүхэд саатуулах, хуурайлах өрөө байгаа юу гэдгийг л эргэцүүлж үнэлнэ гэсэн үг. Тиймээс маш чухал үнэлгээ болно гэж бодож байна.
-Ийм үнэлгээг хийдэг улс орнуудын байдал ямар байдаг вэ?
-Энэ үнэлгээ нь Турк улс гэхэд л парламентын стратеги төлөвлөгөөний нэг хэсэг болсон байдаг. Өөрөөр хэлбэл, жендерийн тэгш байдлыг дотоод үнэлгээгээ хийгээд бид бүхэнд стратеги байхгүй юм байна. Тэгэхээр алсын хараатай байж гэмээнэ жендерийн эрх тэгш байдлыг хангах ёстой юм байна гэдэг үр дүн гарсан байгаа юм. Парламентын гишүүд, ажилтнууд хууль тогтоомж боловсруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор жендерийн стандарт асуумж, хуудсыг боловсруулаад, түүнийхээ дагуу хэрэгжүүлээд явдаг. Үүний үр дүнд парламентын Санхүүгийн хороонд анх удаа эмэгтэй хүн томилогдсон сайн жишээ ч бий. Энэ бол тэгэхээр алс хэтдээ бид юунд хүрэх вэ гэдэг чиглэл рүү явна гэсэн үг. Өнөөдрийн парламентад эмэгтэй гишүүдийн тооны харьцаа үнэндээ бол алдагдсан байгаа. Нийт гишүүдийн 17.1 хувь нь л эмэгтэй гишүүн байна. Энэ чинь өөрөө парламентад эмэгтэй гишүүдийн эзлэх хувь хэмжээ алдагдсаныг харуулж байгаа юм. Мэдээж ололттой талууд бий. Хууль, эрх зүйн орчныг сайжруулж байгаа олон ажил хийгдэж байна. Ялангуяа Сонгуулийн тухай хуульд нэг хүйсийн эзлэх квотыг нэмэгдүүлсэн. Энэ бүхэн чинь жендерийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр эрх зүйн орчин сайжирч байгааг харуулж байгаа юм. Аргентин улсад л гэхэд парламентын гишүүн эмэгтэйчүүдийн дотоод квот бий болгох зорилгоор парламентын дүрэмдээ өөрчлөлт оруулах хүсэлтийг албан ёсоор тавьсан байна билээ. Энэ чинь тухайн парламент өөрийнхөө орчныг үнэлээд жендерийн эрх тэгш байдлыг хангахын тулд юуг хийх хэрэгтэй вэ гэдгээ олж харж байгаа гэж ойлгож болно.
–Жендерийн эрх тэгш байдлыг хангана гэхээр зарчмын хувьд 50/50 байх хэрэгтэй болж таарна. Тэгвэл олон улсын парламентад нэг хүйсийн эзлэх квотын хувь хэмжээ хэр байдаг юм бэ?
-Олон улсын хувьд эрэгтэй, эмэгтэй хүйсийн харьцаа тийм ч өндөр биш. Тухайн улс орныхоо засаглал, сонгуулийн онцлогоосоо хамаараад ойролцоогоор 30-аас багагүй, 40 орчим хувьтай байгаа. Тэгэхдээ парламентын үнэлгээг хийж байгаа улсууд цаашдаа хүйсийн харьцааг таны хэлдэг 50/50 болгох зорилго тавьж байгаа. Манай улсын хувьд хүйсийн харьцааг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлж, 30-аас доошгүй хувь байхаар хуульд тусгасан. Өмнө нь 25-аас багагүй хувь гэж байсан. Цаашид ч гэсэн нэмэгдүүлэх шаардлагатай. Энэ чинь зөвхөн эмэгтэй, нэг бол эрэгтэй хүмүүсийн асуудал биш. Одоогийн байдлаар нийт сонгогчдын 51 хувь нь эмэгтэй, 49 нь эрэгтэй байгаа гэсэн судалгаа бий. Гэтэл төлөөлж байгаа хувь нь 17, 83 гэхээрээ харьцангуй байгаа биз дээ. Тиймээс адил тэнцүү байх тал руу цаашдаа явах нь зүйтэй. Улс төрийн намууд ч энэ тал дээр байр сууриа илэрхийлдэг. Ноднин жил Хүний эрхийн үндэсний комиссын захиалгаар Улс төрийн хүрээн дэх жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хэрэгжилтийг үнэлсэн. Үүнээс харахад орон нутагт шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа хүйсийн харьцаа алдагдчихсан, эмэгтэйчүүд тун цөөн байгаа гэж гарсан. Яг шийдвэр гаргах түвшиндээ эрэгтэйчүүд нь ажиллаад илүү зохион байгуулах мэт ажилд эмэгтэйчүүдийг түлхүү тавьдаг хандлага байгаа. Дээрээс нь улс төрийн хүрээн дэх авлига буурахгүй байгаа шалтгаануудын нэг нь энэ. Авлигыг ерөнхийдөө эрэгтэй хүмүүс авдаг. Тиймээс улс төрд, ялангуяа шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд олноор гарч ирвэл авлигын түвшинг бууруулж болно гэсэн таамаглал байдаг. Яагаад гэхээр эмэгтэй хүмүүс тэр бүр авлига авах сэдэлгүй, харьцангуй бага байдаг гэсэн олон улсын судалгааны дүн бий.
-Хүйсийн тэгш оролцоог парламентад хангана гэхээр эмэгтэйчүүд маань эрэгтэйчүүдээ бодвол улс төрд орох сонирхол, амбиц бага байдаг гэж ярьдаг. Ийм байдаг нь тэгш оролцоог хангахад сөргөөр нөлөөлдөг юм болов уу?
-Наадах чинь хоёр талтай асуудал. Нэг талаас эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо байна. Эмэгтэйчүүдийн улс төрд орохгүй байх учир шалтгаануудыг мөшгиж, хөөж үзэх шаардлагатай. Эмэгтэйчүүд эдийн засгийн чадавхын хувьд харьцангуй сул, эрэгтэйчүүдээс хамааралтай байдаг гэсэн үг. Тийм болохоор сонгуулийн зардлыг тэр болгон өөрсдөө гаргаад өрсөлдөх бодит боломж бололцоо нь тааруу. Мөн дээрээс нь хөрөнгө эзэмших байдлаар ч гэсэн нэлээн ялгаа байдаг. Малчин айлаар авч үзэхэд л малын А данс нь дандаа өрхийн тэргүүн буюу эрэгтэйчүүд дээр байдаг юм. Ингээд ямар нэгэн байдлаар салж сарнилаа гэхэд өмчлөл нь шууд эрэгтэйчүүдэд шилжээд явчихдаг. Энэ мэтийн олон асуудал бий. Харин улс төрийн хүрээнд хүйсийн тэгш байдлыг хангахын тулд эмэгтэйчүүдийг дэмжих тусдаа бодлогууд байдаг юм билээ.
-Тухайлбал?
-Тухайн улс төрийн намд хүсэл зориг байгаад улсын болон орон нутгийн сонгуульд эмэгтэйчүүдээ дэмжээд ялалт байгуулсан тохиолдолд эмэгтэй гишүүдийнх нь тоогоор улсаас санхүүжилт өгдөг олон улсын жишиг байдаг.
-Гол, гол хуулиудыг эрэгтэй гишүүд санаачилж, эмэгтэй гишүүдэд “жижиг” хуулиуд үлддэг гэсэн яриа байдаг. Дээрээс нь Байнгын хороодын дарга нарыг аваад үзэхэд л хүйсийн харьцаа нэлээд зөрүүтэй байгаа нь харагддаг. Тэгэхээр шинжээчид та бүхэн зөвлөмж гаргаж өгөх байх. Гэвч тус зөвлөмжийг тань хэр биелүүлсэн бэ гэдгийг нь буцааж шалгаж, хянадаг уу?
-Энэ удаагийнх хамгийн эхний парламентын өөрийн үнэлгээ болж байгаа юм. Нэг ёсондоо хэмжих суурь нь тавигдаж байна. Таны хэлсэн Байнгын хорооны дарга нарт нэг хүйс давамгайлсан байгаатай санал нэг байна. Харин хуулийг боловсруулахад эмэгтэйчүүд илүү жижиг асуудлаар хөөцөлддөг гэдэгтэй санал нийлэхгүй. Эмэгтэйчүүд асуудлыг илүү нарийвчилж, олон талаас нь авч үздэг. Өнөөдөр яригдаж байгаа маш чухал асудал болох асаргааны эдийн засаг байна. Хүүхэд хамгаалал, Боловсролын болон Гэр бүлийн тухай хууль гээд нийгмийн суурь үйлчилгээтэй холбоотой гол хуулиуд дээр эмэгтэй гишүүд илүү их дуугарч, ажиллаж байгаа. Дээр дурдсан долоон үндсэн сэдвийн асуулт маань цаашаа дэд сэдвүүд болон задраад явах учиртай. Жишээлбэл, Парламент дахь эмэгтэйчүүдийн тоо, албан тушаал гэхэд л цаашаа эмэгтэйчүүдийг парламентад сонгох, томилоход ямар хүчин зүйл нөлөөлсөн юм бэ. Эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд юу саад болж байна гээд гүнзгийрүүлэн ярилцана. Энэ дотор хамгийн гол зүйл нь өмнөх үндсэн сэдвүүдтэй холбоотой сүүлийн үеийн томоохон ахиц, дэвшил нь юу байна гэдгийг ярилцана. Тэгээд хамгийн ноцтой гэж болох дутагдлууд юу байгааг ярилцаад, түүнийг арилгахад бидэнд нэн түрүүнд ямар ажил хийх шаардлагатай байгааг ярилцаад зөвлөмж гаргана. Анхны парламентын өөрийн үнэлгээ учраас энэ зөвлөмжийн дагуу ажилласан эсэх, өмнөхөөсөө сайжирсан эсэхийг дараагийн үнэлгээгээр л харьцуулах боломж гарч ирнэ. Парламент өөрийгөө хаана байгааг харна гэдэг хамгийн чухал зүйл. Давуу тал, ахиц дэвшлээ олж хараад саад бэрхшээлээ хэрхэн даван туулах вэ гэдгээ тодорхойлно.
-Ийм үнэлгээг цаашдаа хэдий хэр хугацаанд хийх ёстой вэ. Шинэ парламент бүрдэх бүрд хийгээд явах уу?
-Ер нь бол тэгнэ л гэж найдаж байна. Жендерийн үндэсний хороо бий болсноор маш олон зүйлийг хийж чадсан. Хуулийн гол өөрчлөлтүүдийг хийж, бодлого, эрх зүйн шинэчлэлүүдийг ч гаргасан. Тэгэхээр энэ маань парламентын өөрийн үнэлгээнд эерэг байдлаар нөлөөлөх байх л гэж бодож байгаа. Олон улсын стандарт аргачлалаа бариад л үнэлнэ. Өөрийгөө үнэлэх, хөндлөнгөөс үнэлүүлэх гэсэн хоёр төрлийн үнэлгээ байдаг. Энэ удаагийнх бол өөрийн үнэлгээ. Гэвч бид бүхэн жендерийн шинжээчийн хувиар хөндлөнгөөс оролцож, чиглүүлж, нөхцөл байдлыг үнэлээд зөвлөмж гаргах зорилготой ажиллаж байна.
Эх сурвалж: Өглөөний сонин 2023.11. 16 /183/ Т.Дарханхөвсгөл