Айл бүрийг “Битүү шөл” хийж идэх уриалга гаргав

УИХ ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл хууль сурталчлах болон олон нийттэй харилцах асуудал хариуцсан дэд дарга Э.Лхагвын гарын үсэгтэй албан бичигт “Бүгд найрамдах улсаа тунхаглаж, анхдугаар Үндсэн хуулиа баталсан түүхэн энэ өдөр айл бүрийг “Битүү шөл” –өөр зоог барихыг уриалж, энэхүү санаачлагыг ерөнхий боловсролын бүх шатны сургуулиудад хэрэгжүүлэхэд хамтарч ажиллахыг хүссэн нь олны хэл амны бай болоод байна.

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 26-нд Бүгд найрамдах улсаа тунхаглаж, анхдугаар Үндсэн хуулиа баталсан түүхэн өдөр тохиож, монголчууд энэ өдөрт ач холбогдол өгч, тэмдэглэн өнгөрүүлсээр ирсэн. Гэхдээ өнөө жилийнх шиг тухайн өдөр ямар хоол хийж идэхээ төрөөр заалгаж байсан удаагүй. Айл бүр хэр хэмжээндээ бэлтгэл хангадаг.

Гэтэл хийх ажил нь олддоггүй юм уу, эсвэл үүнээс өөр зүйл сэтгэж бодож чадахгүй болсон уу айл бүрийн тогоо руу өнгийж, ямар хоол хийж идэхийг нь хүүхдээр нь дамжуулан заах нь тэр.

Албан бичигт “… Бүгд найрамдах улсаа тунхаглаж, анхдугаар Үндсэн хуулиа баталсан түүхэн энэ өдрийг бүх нийтээр ёслол төгөлдөр тэмдэглэх ,баярын уур амьсгал бүрдүүлэх, Монгол айл өрх бүр үндэсний бахархлаа илэрхийлсэн уламжлалт зоогоо гэртээ хийж хүртдэг байх, хоол үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчид тэрхүү хоол ундаагаар үйлчилдэг болох уламлжлалыг эхлүүлэхийг эрмэлзэж, энэхүү түүхэн ойн өдрийн баярын ширээний гол хоолыг “Битүү шөл” байх нь зүйтэй хэмээн үзэж, уриалга гаргаж байгаа юм.

Иймд уг ажлыг эрчимжүүлэн хэрэгжүүлэхээр дэмжлэг үзүүлж, 2024 оны арваннэгдүгээр сарын 26-ний өдөр улсын хэмжээний ерөнхий боловсролын бүх сургуулиудын бага, дунд, ахлах ангийн сурагчдын гэрийн даалгаварт гэр бүлээрээ “Битүү шөл” хийж идэх даалгавар өгөх мэдэллийг хүргэхэд хамтран ажиллахыг хүсье. Хүндэтгэсэн дэд дарга Д.Лхагва” гэжээ.