Нүүрсний хэргийг хянан шалгах түр хорооноос зарласан хоёр дахь сонсгол энэ сарын 18-22-ны хооронд болно. Түр хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр сонсголд дуудагдах гэрчүүдийн нэрсийг танилцуулсны нэг нь ҮСХ-ны дарга Б.Батдаваа байна.
Эрүүгийн цагдаагийн алба, АТГ -аас 2022 оны зургаадугаар сард ҮСХ-ны дарга Б.Батдаваагийн гэрт нэгжлэг хийж, 250 мянган ам.доллар илрүүлж байв. Харин түүний зүгээс “Энэ бол хадгаламжийн мөнгө байсан. Хувийн бизнесийн мөнгө. Эх үүсвэр нь тодорхой. Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурдсан” хэмээн тайлбарласан. Түүнчлэн тэрбээр “250 мянган ам.доллар бол тийм их мөнгө биш” хэмээн олон нийтийн дургүйцлийг хүргэж байв.
Тухайн үед зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Түүний эхнэр нь нүүрс тээврийн компанитай” гэх мэдээлэл ч гарсан.
Харин албаныхны зүгээс нэгжлэгээр их хэмжээний мөнгө хураан авсантай холбоотой ямар нэгэн тайлбар хэлээгүй юм. Тэгвэл түүнийг нүүрсний сонсголд дуудсан байна.