Шүүхийн ерөнхий зөвлөлийн судалгааны цахим сан болон төрөлжсөн номын сангийн нээлт боллоо

 

       Судалгааны цахим санд Шүүхийн ерөнхий зөвлөл бие даан байгуулагдсан буюу 2013 оноос хойш сүүлийн 10 жилийн хугацаанд тус зөвлөлөөс хийсэн нийт 81 судалгаа, лавлагааг байршуулсан байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Отгончимэгийн удирдлага дор Шүүхийн захиргааны сургалт, судалгааны төвийн Ч.Содхүү, Б.Баатар, Б.Солонго, Б.Нямаа, Т.Энхгэрэл, З.Баянсүрэн нарын судлаачид гурван сарын турш энэхүү цахим санг бүрдүүлэхийн тулд ажилласан юм.

Цахим сангийн ач холбогдлын талаар ШЕЗ-ийн гишүүн Н.Отгончимэг “ШЕЗ-өөс сүүлийн 10 жилийн хугацаанд их олон судалгааг хийж, цаг зав, хөдөлмөр, хичээл зүтгэлээ зарцуулсан байдаг. Эдгээр судалгааг нэг дороос олж үзэх боломжийг судалгааны цахим сан олгож байгаа учраас шүүгч, судлаачдын хувьд маш их давуу талтай. Шүүхийн ерөнхий зөвлөл болон түүний ажлын алба 2019 оноос хойш цаг наргүй ажиллаж, маш олон судалгааны ард гарсан. Эдгээр судалгаа бол бидний бодлогын суурь, цөм хэсэг болж байгааг ойлгох нь чухал юм. Үүнийгээ хав дараад суух нь төдийлөн ач холбогдолгүй. Бусдын хүртээл болгох нь чухал. Цаашид ч энэхүү цахим сангаа улам өргөжүүлээд авч явахыг үүрэг болгоод журамлах шаардлага байна” хэмээн онцоллоо.

 

 

Судалгааны цахим сан Шүүхийн ерөнхий зөвлөлийн judcouncil.mn сайтын нүүр хуудсанд байршиж байгаа бөгөөд он, судлаачийн нэр, судалгааны нэр зэрэг олон хэлбэрээр хайлт хийх боломжтой талаар ШЕЗ-ийн Мэдээллийн технологийн газрын дарга Э.Амарсанаа танилцууллаа.

Судалгааны сантай ЭНД дарж танилцана уу.

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг “Манайх маш олон судалгааг өмнө хийгээд ашиглагдах боломжгүй байсныг манай Н.Отгончимэг гишүүн санаачлаад, Шүүхийн захиргааны сургалт, судалгааны төвийнхөнтэй ажиллаж, цэгцлээд олон нийтийн хүртээл болгож байгаад Ерөнхий зөвлөлийн даргын хувьд талархаж байна. Аливаа судалгааны үнэ цэн нь эргэлтэд орж байж л үр ашгаа өгдөг. Бид хэчнээн сайхан зүйл хийсэн ч түүнийгээ илэрхийлж, ойлгуулж чадахгүй бол үнэ цэнгүй хоцордог. Тэгэхээр бид сүүлийн хоёр жилд нэлээд олон судалгаа хийсэн, эдгээр судалгаанд үндэслээд бодлогын баримт бичгүүд болон Шүүх байгуулах тухай хуулийн төслийн саналыг боловсруулж, өргөн барьсан. Ингэхэд ШЕЗ-өөс өмнөх жилүүдэд хийгдэж байсан судалгааг сөхөж харах, харьцуулж үзэхэд маш их тус нэмэртэй байсан. Тэгэхээр энэ чухал ажлыг зохион байгуулаад сүүлийн 10 жилийн чухал судалгаануудыг нэгтгээд цахим санг бүрдүүлж удирдан зохион байгуулсан Н.Отгончимэг гишүүн болон судлаач нартаа талархал илэрхийлье. Та бүхний энэ ажил шүүгчид төдийгүй судлаачдад маш их үр өгөөжтэй сайхан ажил болжээ. Аливааг эцэслэж, үр дүнг нь үзэж дуусгана гэдэг бол тухайн хүмүүсийн чадвартай холбоотой байдаг. Та бүхэн маш чухал ажлыг хийсэн байна” гэв.

 

 

 

Шүүхийн төрөлжсөн номын санг нээлээ

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Шүүхийн Судалгаа, Мэдээлэл, Сургалтын Хүрээлэнгийн байранд шүүхийн төрөлжсөн номын санг 2014 онд байгуулж байсан бөгөөд  2019 онд үйл ажиллагаагаа зогсоосон байдаг. Тэгвэл өнөөдөр (2023.12.18) тус номын санг дахин нээлээ. Энэхүү нээлтэд ШЕЗ-ийн дарга Р.Онончимэг, гишүүн Н.Баасанжав, Э.Зоригтбаатар, Д.Зүмбэрэллхам, А.Насандэлгэр, Н.Отгончимэг, Л.Энхбилэг, Шүүхийн тусгай архивын дарга Ш.Отгонцэцэг болон тус архивын ажилтнууд оролцов.

 

 

Шүүхийн төрөлжсөн номын сан нь монгол гадаад хууль, эрх зүйн чиглэлээр төрөлжсөн 1300 орчим номтой, нэг уншлагын танхимтайгаар Шүүхийн тусгай архивын байрны 5 давхарт нээгдэж байна. Номын сангийн нээлтийг тохиолдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг, гишүүн Н.Баасанжав, Д.Зүмбэрэллхам, Л.Энхбилэг болон ШЕЗ-ийн дарга асан Э.Батбаяр нар хувиасаа номын хандив өргөлөө.

Тус номын сан ажлын өдрүүдэд 08.30-17.30 цагийн хооронд ажиллах бөгөөд шүүгч, судлаач, эрдэмтэн, хуулийн чиглэлээр суралцдаг, ажилладаг хүн бүхэнд нээлттэй үйлчлэх юм.

 

 

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс