Монгол орны мал сүргийн тоо толгой сүүлийн 30 жилийн хугацаанд даруй 3 дахин нэмэгдэж, 2022 оны тооллогоор 71.1 саяд хүрчээ. Гэтэл малын тоо толгой нэмэгдэхийн хэрээр бэлчээр байгаль экологийн доройтолд орж, малчин өрхүүдэд тулгамдах асуудал улам нэмэгдэж байгааг судлаачид анхааруулж байна.
Бодлого, судалгааны төвийн захирал А.Энх-Амгалан бэлчээрийн даац хэтэрснээс малын чанарт ямар өөрчлөлт гарсан талаар нэгэн судалгаа хийжээ. Тэрбээр, ухаалаг бодлого биш, харин зуд л Монголд малын тоог “зохицуулж” байна. Нэг хонинд ногдох дундаж бэлчээр, тэжээлийг хэдийнэ 2.8 хонь хуваалцах болсноор үндсэндээ хагас өлсгөлөн байдал мал аж ахуйд үүссэн гэж тодорхойлжээ. Ингэснээр мал давжаарч, ашиг шим багасч, дундаж хонины амьдын жин 1-2 кг, үхрийнх 30 кг-р буурсан. Мөн гулууз махны өөхний хувийн жин нэмэгдэж, махны хувийн жин буурах үзэгдэл ажиглагдах болжээ. Энэ нь цаашлаад экспортын зах зээлд Монгол махны үнэлгээ унах шалтгаан болсон төдийгүй малын хөдөлгөөнийг хянаж чадахгүйгээс халдварт өвчний гаралт буурахгүйгээс үүдэж экспортод сөргөөр нөлөөлж байна хэмээн дүгнэв.
Энэ бол зөвхөн нэг чиглэлээр хийсэн судалгааны дүгнэлт. Бэлчээрийн даацаас гадна мал аж ахуйн салбар үндсэндээ доройтолд орсон гэхэд хилсдэхгүй. Манайд мал аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэр гэж алга, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үнэ ханш навс унаснаар малчдын амжиргаа дээшлэх бус бүр муудах болсон нь харамсалтай.
Мал эмнэлгийн нэгдмэл тогтолцоогүй учраас малаа эрүүлжүүлэх, малын үржил селекцийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй хийх явдал мартагджээ. Малчид л өөрсдөө малаа эмчилж, үржүүлэх гэж дор бүрнээ оролдож байна. Малын гоц халдварт өвчин шинээр болон дахин сэргэж байгааг салбарынхан анхааруулсаар л. Малчид жалга довоор нэг тарж, тархай бутархай учраас хамтын хөдөлмөрийн үр шимийг хүртэх тухай ч бодолтгүй болжээ. Бүр малчдын дундаж наслалт хот суурин газрын хүмүүсийнхээс доогуур байгаа нь том асуудал үүссэнийг илтгэх мэт. Малчдын залгамж халаа алдагдаж, залуучууд хот, суурин газар луу шилжих хандлага буурахгүй байна. Энэ чигээрээ ямар нэгэн шинэчлэл хийхгүй бол монгол орны мал аж ахуйн салбар сүйрлийн ирмэгт очих нь тодорхой юм.
Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатар мал аж ахуйн салбарын шинэчлэлийн талаар “хүчтэй” ярьж, малчидтай тогтмол уулзаж, ярилцаж явна. Тэрбээр, таван эрдэнэ мал сүрэг бол тусгаар тогтнолын дархлаа, нөхөн сэргээгдэх баялаг, нүүдэлчдийн соёл, уламжлалыг хадгалан авч яваа дэлхийн үнэт өв сан юм. Нөгөө талаар манай улсын тогтвортой, эрчимтэй хөгжлийн нэг үндэс, эдийн засгийн чухал тулгуурын нэг учраас нэн яаралтай тогтолцооны шинэчлэл хийх хэрэгтэй хэмээн үзэж, хууль эрхзүйн зохицуулалт хийхээр Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл боловсруулж байгаа талаараа танилцууллаа. Энэхүү хуулийн төсөл малчид нутаг усаараа, баг, сумаараа нэгдэж өрхийн ашиг орлогоо нэмэгдүүлэх, бэлчээрийн менежемент хийх, түүхий эд бэлтгэлийн нэгдмэл тогтолцоо бүрдүүлэх, мал эмнэлгийн үйлчилгээг шинэ шатанд гаргаж, малаа эрүүлжүүлснээр экспортыг нэмэгдүүлэх зэрэг боломжуудыг бүрдүүлэхэд чиглэж байна. Мөн үржлийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй хийх, бүс нутгийн онцлогт тохирсон шилмэл үүлдэр, омгийг бодлого төлөвлөгөөтэй, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэх зэрэг тулгамдсан асуудлуудыг шийдэх хууль эрх зүйн орчинг тодорхой болгох ажээ. Хөдөө аж ахуйн салбарын эрдэмтэн, судлаачдыг оролцуулан “МӨНХ-ШИНЭ ХӨДӨӨ СЭРГЭЛТ” нэртэйгээр зохион байгуулсан хэлэлцүүлгээр олон сонирхолтой мэдээллүүдийг танилцуулав.
Тухайлбал, Хөдөө аж ахуйн эдийн засаг, хөгжлийн судалгааны төвийн захирал А.Бакей, хуулийн төсөлд малчин өрх малынхаа тоог бэлчээрийн даацад нийцүүлсэн байх шалгуурыг хангасан тохиолдолд татвараас хөнгөлөх урамшуулал үзүүлэх, хэтрүүлсэн нөхцөлд өсгөн ногдуулах зарчмыг тусгаж, малчдын хариуцлагыг дээшлүүлэх хэрэгтэй байна. Мөн бэлчээрийн даацаас илүү гарсан малаа эргэлтэд оруулж борлуулсан малд экосистемийн үйлчилгээний төлбөрийн хэлбэрээр урамшуулал үзүүлэх, мал сүргийн хөдөлгөөнийг мөшгих ухаалаг технологи нэвтүүлэх болон мал эмнэлгийн хорио цээрийн дэглэм бүхий тусгаарлагдсан эрүүл бүсийн холбогдох харилцааг олон улсын стандартын шаардлагын дагуу нарийвлан тусгах зэрэг саналыг хэлсэн нь олзуурхууштай байв.
Бодлого, судалгааны төвийн захирал А.Энх-Амгалан “малчид бэлчээр, түүн дээр байгаа ус, хужир мараа гээд аливаа нөөцийг үнэ төлбөргүй ашигладгийн зэрэгцээ даацыг нь хэтрүүлж талхалсан ч ямар ч хариуцлага хүлээдэггүй нийтээр дундаа ашигладаг. Мөн малын тоог бэлчээрийн даацад нийцүүлэхэд урамшуулах хөшүүрэг байхгүй, малын гаралтай бүтээгдэхүүний чанарыг хөхиүлэн дэмжих эдийн засгийн тогтолцоо байхгүй учраас малаа өсгөсөн малчин буруугүй!!! Ийнхүү жалгын нэг тарж, малаа өсгөх гэж хоёр зудын хооронд гадаа гандаж, хөдөө хөхрөөд үр дүнд нь хожсон зүйлгүй, харин ч бэлчээрээ талхалж, дээр нь отрын бэлчээрээ үгүй хийснээс дараагийн ган, зудаар бүр ч илүү хохирдог чөтгөрийн тойргоос малчдыг гаргаж, МАА-н салбарыг тогтвортой хөгжлийн замд хэрхэн оруулах вэ гэдэг асуулт хариулт нэхэж байна” хэмээн онцлов.
Хэлэлцүүлэгт оролцсон Мал аж ахуйн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид малчид малын тоо толгойгоо өсгөж байж амьжиргааны наад захын хэрэгцээгээ хангаж байна. Гэвч монгол орны бэлчээр талхлагдаж, сэргэх боломж хомс. Бусад улс орнууд шиг үр цацаад ургуулаад бэлчээрээ сэргээнэ гэдэг бүтэхгүй юм. Харин өнөөгийн байгаа бэлчээрээ хамгаалж, мал сүргийн тоо толгойг бууруулах замаар мал аж ахуйн салбарыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь чухал. Үүний тулд малчид нэгдэж, хамтран хүчээ нэгтгэх нь чухал. Ингэхдээ хамгийн гол нь малчид дээрээс шахалтаар бус өөрсдийн хүсэл сонирхол, эрх ашгаараа холбогдож үүсэл санаачилга гарган ажиллах нь үр дүнтэй. Тиймээс Малчин өрхийн нэгдсэн холбоог үе шаттайгаар байгуулж, төрийн зүгээс бодлогоор дэмжих нь чухал хэмээн санал бодлоо илэрхийлж байв. Мөн Малчин өрхийн нэгдсэн холбооны үйл ажиллагааг дэмжих үүднээс төрийн зүгээс тодорхой зохицуулалтуудыг хуульчлах нь мал аж ахуйн салбарт дутагдаж буй бодлогыг тодорхойлох эхлэл болно хэмээн хуулийн төсөл боловсруулагчид үзэж байна. Уг асуудлаар цаашид салбарын судлаачид, мэргэжлийн холбоод, төрийн бус болон олон улсын байгууллагууд, хамгийн гол нь иргэд, малчдаас санал авч, улс орон даяар өргөн хүрээг хамарсан хэлэлцүүлгүүд зохион байгуулж, ул суурьтай хандана гэж УИХ-ын дарга тодотгов.