НАЙМАН СУМЫН ЭМТ ШИНЭ МАШИНАА ХҮЛЭЭЖ АВЛАА

Эрүүл мэндийн яам энэ онд багтааж түргэн тусламжийн машины парк шинэчлэлийг хийж улсын хэмжээнд аймгийн төвөөс бусад сумдын 50 хувийг шинэ машинтай болгохоор ажиллаж байгаа. Энэ хүрээнд өнөөдөр найман сум түргэн тусламжийн үйлчилгээнд явах Япон улсад үйлдвэрлэсэн “Тоёота Ланд 78” машинаа хүлээж авлаа.
Зудын хүндрэлтэй байгаа орон нутагт эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тасралтгүй хүргэх зорилгоор Засгийн газрын 63 дугаар тогтоолоор өвөлжилт, хаваржилт хүндэрсэн аймаг, сумдын эрүүл мэндийн байгууллагуудад туулах чадвар сайтай, эмнэлгийн зориулалттай түргэн тусламжийн 60 автомашин худалдан авахаар батлагдсан. Уг тогтоолыг хэрэгжүүлж эхний ээлжинд Эрүүл мэндийн сайдын А/104 дугаар тушаалаар 11 аймгийн 12 сумын Эрүүл мэндийн төвийг туулах чадвар сайтай түргэн тусламжийн машинтай болгосон.

Худалдан авалтыг ээлж дараатайгаар зохион байгуулж энэ удаа ирсэн  машинуудыг Архангай аймгийн Хайрхан, Баянхонгор аймгийн Бууцагаан, Сэлэнгэ аймгийн Орхон, Номгон, Завхан аймгийн Баянтэс, Өвөрхангай аймгийн Өлзийт, Төв аймгийн Баяндэлгэр, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Эрүүл мэндийн төвд хуваарилсныг хүлээлгэн өгсөн юм.

Шинэ машинаа хүлээж авахаар ирсэн сумдын нэг Төв аймгийн Баяндэлгэр сумын ЭМТ-ийн эрхлэгч эмч Г.Уянга “Манай сум сүүлийн гурван жил түргэн тусламжийн автомашингүй үйл ажиллагаа явуулж байгаа. Бид эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тасралтгүй хүргэхийн тулд Эрүүл мэндийн төвийн ажилтнууд болон ард иргэдийнхээ автомашиныг гуйж нэг дуудлагыг ч таслалгүй ажилласан. Сүүлийн хоёр жил цас ихтэй хүндхэн өвөлжлөө. Энэ өвөл  өмнөх жилээс дутахгүй цас, зудтай байсан. Ийм нөхцөлд бидэнд туулах чадвар сайтай, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг машин дотроо үзүүлж, хүнд өвчтөнөө тээвэрлээд явах боломжтой машин шийдэж өгсөнд маш их баяртай байна” гэж байв.

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын хувь бусад газрыг бодвол өвөлжилт гайгүй байсан ч орон нутгийн нөхцөл байдлаас шалтгаалаад хол ойрын дуудлага тасардаггүй тухай ЭМТ-ийн дарга Д.Сармандах ярьсан. Тэрбээр “Манай сум 3682 хүн амтай бөгөөд баруун бүсийг холбосон засмал зам дагуу, аймгийн төвөөс 180 км зайд оршдог. Баруун бүсийг холбосон засмал зам дагуу учраас осол, гэмтэл их бүртгэгддэг. Тэр тусмаа зун 7-8 сард тусламж, үйлчилгээний дуудлага нэмэгддэг. Хөдөөгийн таван багтаа тусламж, үйлчилгээ үзүүлдэг. Алслагдсан багтаа очих зам бартаа саад ихтэй ба 2018 онд авсан “Фургон” машинаар эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлдэг байсан ч өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойш эвдэрч хэчнээн засч сэлбээд ч нэмэргүй он гараад бүрэн зогссон. Алсын дуудлаганд сумын Онцгой байдлын машин болон Засаг даргын Тамгын газрын машиныг явуулдаг. Мөн ажилчдынхаа машинаар ойрын дуудлаганд явах тохиолдол бий” гэсэн юм.

Архангай аймгийн хаваржилт хүндэрсэн сумдын нэг Хайрхан. Цас их орсноос зам даваа хаагдаж, алслагдсан багийн малчин өрхдөө эмнэлгийн тусламж үзүүлэхэд хүндрэлтэй болсон. Сумын ЭМТ-ийн эрхлэгч эмч Б.Цэрэнханд “Энэ жил манай суманд өвөлжилт маш хүнд болсон. Цас ихээр орж, зам даваа хаагдаж, айл өрхүүдийн зам боогдсон. Цаг жаахан дулаарч хайлсан цас мөстөж мөсөн зудын байдалд орсон. Цаашид ч хаваржилт хүндэрч, шар усны үер болох эрсдэлтэй байна. Энэ их цас хайлж гол шуудуу, зам даваа хаагдах эрсдэл үүсч байгаа нөхцөлд машин техник хамгийн тулгамдсан асуудал болж байна. Манай эмнэлэг түргэн тусламжийн “Фургон” автомашинтай ч компьютер нь шатсан гэдэг оноштойгоор засуулж чадахгүй бүрэн зогсчихоод байгаа энэ нөхцөлд туулах чадвар сайтай машинтай болсондоо сумын иргэдийнхээ өмнөөс баярлаад байна” хэмээсэн.

Өвөрхангай аймгийн Өлзийт сумын ЭМТ-ийн дарга Янжмаа “Манай сум  өвөлжилт харьцангуй хүнд, цас зуд ихтэй. Өвөлжилт хүндэрсний улмаас ард иргэддээ хүрч үйлчилж чадахгүй асуудал тулгарсан. ОБЕГ-аас машин гаргаж өгсөн ч 10 хоног яваад эвдэрсэн. Манай ЭМТ-ийн хувьд “Фургон” автомашинтай байсан ч актлагдсан. Тиймээс ард иргэддээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд хүндрэлтэй байсан асуудал шийдэгдсэнд баяртай байна” гэж байлаа.
Засгийн газрын тогтоолоор хөрөнгийг нь шийдвэрлэсэн 60 машинаас гадна энэ оны есдүгээр сард Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Монгол Улсад Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах” төслийн хүрээнд сумын эрүүл мэндийн төвүүдэд туулах чадвар сайтай, эмнэлгийн зориулалттай 75 автомашиныг нийлүүлэхээр төлөвлөөд байна.