ЦАГДААГИЙН ХУРАНДАА П.БОЛОРМАА: ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС САНААЧИЛСАН “ДЭЭРЭЛХЭЛ ДЭЛГЭРЭХ ЁСГҮЙ” АЯН НЭГ САРЫН ХУГАЦААНД ҮРГЭЛЖИЛНЭ

Цагдаагийн байгууллагаас зохион байгуулж буй “Дээрэлхэл дэлгэрэх ёсгүй” аяны хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа П.Болормаатай ярилцлаа. 

Цагдаагийн байгууллагаас “Дээрэлхэл дэлгэрэх ёсгүй” аяныг зохион байгуулж байна. Нэрээсээ эхлээд л үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор эхлүүлсэн нь илт байна. Аян талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч? 

Цагдаагийн байгууллагад  энэ  оны  эхний 3 сарын байдлаар насанд хүрээгүй хүнээс үйлдэгдсэн гэмт хэрэг 256 бүртгэгдэж, үүнээс Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 63 бүртгэгдсэн нь  өмнөх оны  мөн үеэс 1.6  хувиар  өссөн байгаа юм. Үүнээс хүүхдийн эсрэг  үйлдэгдсэн  563 гэмт хэрэгт 613 хүүхэд хохирч,  96 буюу 18.6 хувь  өсөлттэй. Сургуулийн орчинд үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчил тодорхой өсөлттэй  байна.

Дээрх тоон мэдээлэл, нөхцөл байдалтай  холбогдуулан цагдаагийн байгууллагаас Боловсрол ерөнхий газартай хамтран энэ оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаатай үе тэнгийн дээрэлхэлээс урьдчилан сэргийлэх “Дээрэлхэл дэлгэрэх ёсгүй” мэдээлэл, сурталчилгааны аяныг зохион байгуулж байгаа юм. 

Аян бас нэлээдгүй өргөн цар хүрээтэй эхэлж байна. Төрийн болон төрийн бус ямар байгууллагуудтай хамтран ажиллаж байна вэ?

Тийм ээ, Цагдаагийн ерөнхий газраас санаачилсан энэхүү аянд Боловсролын ерөнхий газар, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Нийслэлийн боловсролын газар болон еренхий боловсролын сургуулиуд бусад төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэд дэмжин оролцож байна. 

Аяны хүрээнд  сургуулийн орчинд сурагчдад дээрэлхлийн талаар үндсэн мэдээлэл, урьдчилан сэргийлэх арга зам, хор уршгийг таниулах, дээрэлхэгчийг гэмт үйлдлээс  татгалзах санаа сэдлийг өгөх олон олон нөлөөлийн болон сурталчилгааны ажил, арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Аян зохион байгуулахад чамлашгүй үр дүнтэй байдаг. “Дээрэлхэл дэлгэрэх ёсгүй” аян дуусахад ямар үр дүн хүлээж байна вэ?

Аяны  үр дүнд хүүхдийн эсрэг үйлдэгдсэн болон хүүхдээс үйлдсэн гэмт хэрэг,  түүнчлэн бусдын эрүүл мэндэд хохирол учруулах гэмт хэрэг,  зөрчлийн  тоо бууруулах, дээрэлхлийн талаар сурагч, багш, эцэг эхчүүд тодорхой мэдээлэлтэй болсон байна гэж төлөвлөж байгаа.

Энэ оны 09 дүгээр сараас хэрэгжих Хүүхэд хамгааллын тухай шинэчилсэн найруулгаар эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдээ  гэмт хэрэг, зөрчил, дээрэлхэлд өртсөн  талаар  мэдсэн даруйд  холбогдох байгууллага,  албан тушалтанд  мэдэгдэх,   хүчирхийлэл, дээрэлхлийн талаар мэдээллэсэн хүүхдийн  аюулгүй байдлыг  хангах,   түүнд сэтгэл зүйн үйлчилгээ  үзүүлэх асуудлыг эцэг эх, асран хамгаалагч болон   боловсролын байгууллагад үүрэг болгосон байгаа.

Ярилцсанд баярлалаа. Нийт эцэг эх, асран хамгаалагч, хүүхэд багачуудад хандаж хэлэх зүйл байна уу? 

Эцэг, эх, багш, асран хамгаалагч нар хүүхдүүд дээрэлхэлтэд өртөөд байгаа юм биш биз гэдгийг анзаарч мэддэг байх, хүүхдүүдтэйгээ сайтар ярилцах, өөрт тохиолдсон зүйлийг нуулгүй ярьдаг зөвлөдөг итгэлтэй хүн нь байх, ялгаатай байдлын талаар ойлгуулах тал дээр маш сайн анхаарах, хүүхдүүдэд бусадтай харилцах харилцааны хамгийн том доголдол дээрэлхэл ялгаварлан гадуурхалт.  Найзынхаа гэрлийг унтраах нь чиний гэрлийг тодруулахгүй бусадтай зөв боловсон харилцах, ялгаатай байдлыг ойлгож хүндлэх, дээрэлхлийг харсан ч хараагүй мэт дуугай өнгөрдөггүй хэлдэг мэдээлдэг, тусламж шаардлагайтай нэгэндээ тусалдаг, анги хамт олноороо дээрэлхэлийн эсрэг байгаарай “Дээрэлхэл дэлгэрэх ёсгүй” гэж хэлье.  

Баярлалаа.