Өнөөдөр тавдугаар сарын 9. ОХУ-ын Москва хотын Улаан талбайд Ялалтын баярын парад болно.
Парадад энэ жил 9000 гаруй цэргийн алба хаагч, 70 нэгж цэргийн техник оролцоно гэж ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу мэдэгдээд буй.
Парадад мөн Украин дахь цэргийн ажиллагаанд оролцож байгаа цэргийн алба хаагчид оролцох аж. Парадыг Оросын нисэх хүчний “Русские витязи” болон “Стрижи” багууд уран нислэгийн үзүүлбэрээр төгсгөхөөр төлөвлөсөн аж.
Одоогоос 79 жилийн өмнө 1945 оны энэ өдөр фашист Герман үг дуугүй буун өгөх гэрээнд гарын үсэг зурснаар Дэлхийн 2-р дайн Европ тивд дууссан гэж үздэг. Гитлерийн Германыг буулган авсан гэрээнд тавдугаар сарын 8-нд, Европын цагаар 22:43 минутад гарын үсэг зурсан бөгөөд энэ мөчид Москвад тавдугаар сарын 9-ний 00:43 минут болж байсан тул баруунд тавдугаар сарын 8-ныг, Орос ба Зөвлөлтийн бүтцэд байсан орнууд тавдугаар сарын 9-нийг Ялалтын баярын өдөр гэж нэрлэн, 1945 оноос хойш тэмдэглэж ирсэн. 1945 онд Ялалтын баярын парадыг зургаадугаар сарын 24-нд зохион байгуулсан бол түүнээс хойш жил бүрийн тавдугаар сарын 9-ий өдөр Ялалтын баярын парад жагсдаг уламжлал тогтсон юм.