Сүүлийн үед гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тойрсон асуудал олны анхааралд байна. Албан тушаалын хэргийн хөөн хэлэлцэх хугацаа таван жил,ардын хүүхдүүдийн холбогдсон хэргийн хөөн хэлэлцэх хугацаа арван жил гэсэн мэдээлэл ч хөвөрсөөр байгаа. Тэгвэл өчигдөрийн /2019.12.18/ УИХ-ын чуулганаар Сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хөөн хэлэлцэх хугацаагаар ял завшсан хүмүүсийн хэргийг буцаад хуулинд өөрчлөлт тун удахгүй оруулна гэдгийг онцоллоо.
Т.Аюурсайхан: “Өмнө нь ялтай байх гэсэн ойлголт байлаа. Шинэ хуулиар байхгүй болсон. Төрийн албан хаагчийг сонгуульд өрсөлдүүлэхдээ тодорхой хугацааны өмнө чөлөөлүүлдэг. Нэр дэвшигч өргүй байх ёстой. Үүргээ биелүүлж байж,эрхээ эдлэх ёстой. Гэмт хэрэгт холбогдсон бол дэвшүүлэхгүй байх ёстой. Фортуна Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар, Ш.Батхүү гээд олон хүний асуудал хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болсон.
Хөөн хэлэлцэх хугацааг дахин тоолно. Авлига,албан тушаалтны хэрэгт холбогдсон хүмүүсийг шүүхээс гэм буруутай гэж тооцсон. Гэхдээ хөөн хэлэлцэх хугацаагаар нь хэрэгсэхгүй болгосон. Тиймээс гэм буруутай гэдэг нь тогтоогдсон хүмүүсийг нэр дэвшүүлэх ёсгүй. Зарим хүмүүс надаас айж ийм заалт орууллаа гэж байна лээ. Уучлаарай, тийм зүйл байхгүй шүү. Хэн нэгнээс айсан зүйл байхгүй. Зарчим л ярьцгаая”гэв.