Хэрхийн шалтгаант зүрхний өвчтэй хүмүүсийн 9 хувь нь 10-19 насныхан байна

Эрүүл мэндийн яам, Улсын гуравдугаар төв эмнэлэг “Монголын зүрх судасны үндэсний төв ба зүрх судасны тусламж үйлчилгээг уялдуулан сайжруулах нь МОН/006” төслөөс “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг хэрхийн шалтгаант зүрхний өвчнөөс сэргийлэх арга хэмжээ” сэдэвт зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад ЭМЯ, БСШУСЯ, Нийслэлийн боловсролын газар, НЭМГ, Дүүргийн эрүүл мэндийн төв, ерөнхий боловсролын сургуулиудын захирал, эрүүл мэндийн багш, нийгмийн ажилтанууд мөн сургуулийн эцэг эхийн зөвлөлийн төлөөлөл оролцож, эцэг эхчүүдийн оролцоонд тулгуурлан сурагчдыг хэрхийн шалтгаант зүрхний өвчнөөс  урьдчилан сэргийлж, эмчлэн эрүүлжүүлэх талаар ярилцсан юм.


Учир нь манай улсад гүйлсэн булчирхайн архаг үрэвсэлтэй хүмүүсийн дөрөвний нэг хэрхийн шалтгаант зүрхний өвчтэй хүмүүсийн  9 хувь нь 10-19 насны хүүхэд, өсвөр насны залуучууд байна. 2017 онд Улаанбаатар хотын зарим сургуульд хийсэн урьдчилан сэргийлэх үзлэгээр 10 хүүхэд тутмын нэг нь өвчлөх эрсдэлтэй гарчээ.

Хэрхийн шалтгаант зүрхний өвчин (ХШЗӨ) нь А бүлгийн цус задлагч бетта стрептококкоор үүсгэгддэг гүйлсэн булчирхайн үрэвслийн хүндрэл бөгөөд эцэст нь зүрхний гажгийн улмаас мэс заслаар эмчлэгдэхэд хүргэдэг байна. Энэ өвчнөөр буурай хөгжилтэй болон хөгжиж буй орны хүүхдүүд өвчлөх нь элбэг байдаг аж.

Иймд сургууль эцэг эх, боловсрол, эрүүл мэндийн байгууллагын хамтын ажиллагаанд түшиглэн ХШЗӨ-ний эрсдэлтэй хүүхдүүдийг эрт илрүүлж хяналтад авч  эмчлэн эрүүлжүүлэх, уг өвчнөөс сэргийлэх, эрүүл аж төрөх  талаар сурагчид, эцэг эхчүүд, сургуулийн хамт олонд мэдлэг олгож, дадал, чадварыг эзэмшүүлэхэд чиглэсэн сургалт, мэдээлэл сурталчилгааны ажлыг өргөжүүлэх нь чухал учир энэхүү уулзалтыг зохион байгуулжээ.