Б.Очирваань эх орондоо ирлээ

Манчестер Юнайтед клубийн дэмжигч Б.Очирваань өнөөдөр эх орондоо ирлээ. Тэрбээр дугуйгаар 14 000 км замыг туулан Манчестер Юнайтед багийн Олд Траффорд цэнгэлдэхэд хүрч, өөрийн шүтээн хөлбөмбөгчин Уэйн Рүүнитэй уулзаж, мөрөөдлөө биелүүлээд эх орондоо ирж байна

 

Б.Очирваань “Нэг жилийн турш дугуйтай аялж дуусгаад, өөрийнхөө зорьж, төсөөлснөөс илүү маш олон гайхалтай зүйлийг мэдэрлээ. Өөрийнхөө дэмждэг тоглогчтой, дэлхийн хамгийн агуу дасгалжуулагчдын нэгтэй уулзаж, дэлхийн хамгийн гайхалтай цэнгэлдэх хүрээлэнд орж, өөрийнхөө мөрөөдлийг, мэдрэхийг хүссэн бүхнээ мэдэрлээ.

Нэг жилийн хугацаанд маш олон зүйлийг харж, мэдэрч, сурсан. Өөрийгөө сорьж, маш том боловсрол эзэмшлээ.

Мөрөөдөл, зорилго маань тамирчин болох ганцхан аргаар биелэх байсан ч биелэх боломжгүй болсон. Тиймээс өөрийн хүч хөдөлмөрөөр, өөрийнхөө мөрөөдөл рүү өдөр бүр 100, 100 км-ээр ойртож байгаа нь надад урам зориг болж байсан.

Аяллынхаа туршид олон орны гайхалтай хүмүүстэй уулзаж учирсан. Тэр хүмүүсээс маш их урам авч, өөрийнхөө мөрөөдлийн үнэ цэнийг илүү их мэдэрч байсан. Өдөр бүр шинэ зүйлтэй учирч, хэцүү хүндийг мэдрэх завгүй сонирхолтой байсан” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.