МАН-ын мөрийн хөтөлбөрийг Хангайн сумдынхан бүрэн дэмжиж байна

Улсын Их Хурлын сонгуулийн 1-р тойрогт МАН-аас нэр дэвшигч УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэг нар Архангай аймгийн Хайрхан, Өлзийт, Батцэнгэл сумын сонгогчидтой уулзалт хийлээ.


Нэр дэвшигчид МАН-аас дэвшүүлсэн Мөрийн хөтөлбөр болон Хангайн бүсийн мөрийн хөтөлбөр, өнгөрсөн 4 жилд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүн, цаашдын зорилтын талаар иргэдэд танилцуулав.

Хайрхан сумын 100 жилийн ой энэ жил тохиож байгаа аж. Тиймээс ойгоо тэмдэглэх ажлын хүрээнд Хайрханыхан гудамж хороолол, байр хашааныхаа өнгө үзэмжийг сайжруулж, иргэн бүрийн оролцоогоор бүтээн байгуулалт өрнүүлж байна. Аялал жуулчлалыг бүсчлэн хөгжүүлэх Мөрийн хөтөлбөрийн зорилтын хүрээнд Хайрхан сумын Хануйн гол дээр барьж буй төмөр бетон гүүр дуусах шатандаа оржээ.

Өлзийт сумынхны хувьд өвөл, хавар хүндхэн өнгөрсний улмаас малчид багагүй зутарч, малын хорогдол ч нэлээд гарчээ. Засгийн газраас “Малжуулах хөтөлбөр” гаргаж, малчдын зээлийн эргэн төлөлтийг 1 жилээр хойшлуулж, зээлийн хүүгийн 75 хувийг төр хариуцахаар болсон нь цагаа олсон, бодит дэмжлэг болсныг иргэд сайшааж, цаашид мал аж ахуйн салбарыг шинэ шатанд гаргах талаар МАН-ын мөрийн хөтөлбөрт туссан зорилтуудыг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийллээ.

Батцэнгэл сумынхан Мянганы замын Орхоны гүүр-Батцэнгэл чиглэлийн 70 км, Батцэнгэл-Цагаандавааны 65 км авто замыг барихаар МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгайлан тусгасанд баяртай байна. “Зам дагаж хөгжил” гэдэг. Энэ бүтээн байгуулалт манай сумын хөгжил, иргэдийн аж амьдралд эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт бид итгэлтэй байна гэж иргэд ярьж байлаа.

Дээрх 3 сумын иргэд хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэл, хөнгөн үйлдвэрлэлийг сум, баг, малчны хотонд ойртуулан хөгжүүлэх, улмаар иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр мөрийн хөтөлбөрт олон зорилт туссаныг дэмжиж байна.

Улмаар шударга ёсны төлөөх, авлигын эсрэг тэмцлийг үр дүнд хүргэх, иргэнээ дээдэлсэн төрийг төлөвшүүлж, эдийн засгаа Азидаа тэргүүлэх хэмжээнд хүргэн хөгжүүлэх МАН-ын Мөрийн хөтөлбөрийн зорилтыг дэмжиж, тус намаас нэр дэвшигчдийг багаар нь сонгоно гэдгээ илэрхийлж байлаа.