ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар есдүгээр сарын 3-ны өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр болсныг Кремлийн хэвлэлийн алба мэдээллээ. Айлчлалынхаа үеэр Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн ойн арга хэмжээнд оролцохыг тодотгов.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нар ОХУ-Монгол Улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг цаашид хөгжүүлэх хэтийн төлөвийг хэлэлцэж, олон улсын болон бүс нутгийн тулгамдсан асуудлаар санал солилцож, хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурах юм байна.
Түүнчлэн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нартай уулзана гэж TASS агентлаг мэдээлэв.
Владимир Путин хамгийн сүүлд 2019 оны есдүгээр сард Монгол Улсад албан ёсоор айлчилж, Халхын голын ялалтын 80 жилийн ойн арга хэмжээнд оролцож байсан юм.