АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп болон дэд ерөнхийлөгч Камала Харрис нарын албан ёсны анхны мэтгэлцээн Лхагва гаригт /2024.09.11/ болж өндөрлөлөө.
ABC телевизээс зохион байгуулсан мэтгэлцээний шууд дамжуулалтыг орон даяар 61.7 сая хүн үзсэн байна.
Талууд Орос-Украины дайны асуудлаар мэтгэлцэхдээ Путины нэрийг хэд хэдэн удаа дурдсан. Тухайлбал Камала Харрис Трампт ханпан “Путин бол чамайг өдрийн хоолондоо идэж чадах тийм дарангуйлагч хүн” гэжээ.
Украиныг дайнд ялаасай гэж хүсэж байна уу гэсэн асуултад Трамп “Би дайныг дуусгахыг хүсэж байна. 24 цагийн дотор асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ” гэсэн бол Камала АНУ одоогийн байр сууринаасаа хазайхгүй гэсэн юм.
Түүнчлэн Камала “Хэрэв Трамп Ерөнхийлөгч байсан бол Путин Киевд сууж байх байсан” гэв.
Ойрх Дорнодод АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг нухацтай хүлээж буй. Тухайлбал Израилын Ерөнхий сайд Бенжамин Нетьянахуг шүүмжлэгчид түүнийг сонгууль дуустал дайныг зориудаар удаашруулж байна гэж үзэж буй.
Учир нь Трамп сонгуульд ялбал Камалагаас илүү Израилд өгөөмөр хандана гэсэн хүлээлттэй байгаа гэжээ.
Трамп мэтгэлцээний үеэр өрсөлдөгчөө Ерөнхийлөгч болбол Израил улс хоёр жилийн дараа гэхэд байхгүй болно гэсэн юм.
Хятадтай холбоотой асуудлаар Камала Харрис 21 дүгээр зууны өрсөлдөөнд БНХАУ бус АНУ ялна гэсэн агуулга бүхий хэдэн үгийг л давтан хэлж байсан нь түүнд Бээжинтэй холбоотой туршлага бага болохыг харуулсан байна.
Харин Дональд Трамп Хятадын бараа бүтээгдэхүүнд 60 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байгаагаа тодорхой илэрхийлжээ.
Эх сурвалж: ВВС