Авлигатай тэмцэх газраас Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар/ЭМДЕГ/-ын дарга Л.Бямбасүрэнг авлига албан тушаалын хэргээр шалгаж байна. Энэ талаар тус газраас тодруулахад “ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг шалгаж байгаа нь үнэн. Прокурорын байгууллагын зөвшөөрөлгүйгээр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэдэг хариулт өглөө.
Түүнийг 2020 онд ЭМДЕГ-ын даргаар томилсон бөгөөд 2016 онд Эрүүл мэндийн дэд сайдаар томилогдож байсан юм.
Л.Бямбасүрэн 1964 онд Увс аймгийн Улаангом суманд төрсөн. 1982 онд Нийслэлийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1991 онд Анагаах ухааны их сургууль, 1996 онд Анагаах ухааны их сургууль, 1996 онд мөн сургуулийн магистрантур, 2000 онд Удирдлагын академийг тус тус төгссөн. 1998 онд Техникийн их сургуульд хүнс, хоол үйлдвэрлэлийн технологи чиглэлээр, 1998 онд Анагаах ухааны их сургуульд хүнсний эрүүл ахуйч чиглэлээр, 2002 онд Анагаах ухааны их сургуульд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, түүний удирдлага, зохион байгуулалт чиглэлээр, 2004 онд Эмнэлгийн тусламжийн удирдах газарт бодлогын ажиглалт, тандалт чиглэлээр, 2004 онд Бүгд Найрамдах Энэтхэг Улсад нийгмийн салбарын явцад аудит хийх чиглэлээр, 2009 онд БНХАУ-д хөгжиж буй орны хүнсний аюулгүй байдлын менежмент чиглэлээр, 2009 онд ХБНГУ-д хот төлөвлөлт ба хөгжил чиглэлээр тус тус мэргэжил дээшлүүлсэн. Хүүхдийн их эмч мэргэжилтэй. Нийгмийн эрүүл мэндийн магистр. Орос, англи хэлний мэдлэгтэй.
- 1982-1984 онд Арьс өнгөний эмгэг судлалын нэгдсэн төвд асрагч,
- 1991-1996 онд Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн зөвлөх төвд хүний их эмч,
- 1996-1997 онд Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн хяналтын албанд хүнсний эрүүл ахуйч, улсын байцаагч,
- 1997-2003 онд Баянгол дүүргийн Эрүүл мэндийн хяналтын албанд хүнсний эрүүл ахуйч, улсын байцаагч,
- 2003-2006 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хэлтсийн дарга,
- 2006-2008 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт дэд дарга,
- 2008-2012 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга,
- 2015-2016 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт Төрийн захиргааны удирдлагын газрын дарга
- 2016 оноос хойш Эрүүл мэндийн дэд сайдаар тус тус ажиллаж байсан.