“ДЭЛХИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ” МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИВЭЭЛ ДОР УЛААНБААТАР ХОТНОО БОЛНО

Эмэгтэйчүүдийг чадавхжуулах, жендэрийн тэгш байдлыг хангаснаар уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, Тогтвортой хөгжлийн зорилгуудыг амжилттай хэрэгжүүлэхэд үзүүлэх ач холбогдлын талаар үр дүнтэй яриа хэлэлцээ өрнүүлж, бусад улстай туршлага хуваалцах, чуулга уулзалтын үр дүнд зөвлөмжүүд гаргах зорилготойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “#Ногоон_ирээдүйн_төлөө” сэдэвт Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг НҮБ-тай хамтран 8 дугаар сарын 22–23-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад 15 гаруй улсын төр, засгийн тэргүүн, хууль тогтоох байгууллагын дарга, сайд нар, 20 орчим олон улсын байгууллага, олон улсын төрийн бус байгууллага болон бизнес, спорт, урлаг зэрэг бүхий л салбарын эмэгтэй манлайлагчид гээд гадаадын 200 гаруй зочид төлөөлөгч оролцоно. Монголын эмэгтэйчүүдийн төлөөлөл болох 600 гаруй төлөөлөгч оролцоно. Ийм өргөн хүрээний оролцоо нь чуулга уулзалтын сэдвээр идэвхтэй хэлэлцүүлэг өрнүүлэх, харилцан мэдээлэл, туршлага солилцох таатай орчныг бүрдүүлэх юм.