Орон нутгийн сонгуульд саналаа өгөөд буцаж явсан оюутнууд автомашины осолд орж, хоёр нь нас барж, гурав нь эмнэлэгт хүргэгдсэн харамсалтай осол өчигдөр /2024.10.13/ гарсан байна. Энэ талаар тус аймгийн нэгдсэн эмнэлэг болон цагдаагийн байгууллагаас тодрууллаа.
Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгээс тодруулахад, осолд орсон оюутнууд яаралтай тусламжаар хүргэгдэж ирсэн. Биеийн байдал нь хүнд эмчилгээ хийж байгаа. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэлээ.
ЦЕГ-аас асуухад, цагдаагийн байгууллагад аравдугаар сарын 13-ны өдөр 14:50 цагт Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутаг дэвсгэрт зам тээврийн осол гарч хоёр хүн нас барсан гэх харамсалтай дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлага мэдээллийн дагуу аймгийн цагдаагийн газрын шуурхай бүрэлдэхүүн хэргийн газарт очиж хойшлуулашгүй ажиллагааг явуулахад Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баян-Өндөр багийн нутагт “Toyota sai” маркын авто машин замын зорчих хэсгийн баруун талруу гарч осолдсоны улмаас тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан нийт таван иргэнээс хоёр иргэн нас барж, хоёр иргэн гэмтэж, эмнэлгийн тусламж авсан нөхцөл байдал тогтоогдоод байна гэх хариулт өглөө.
Албан бус эх сурвалжийн хэлж байгаагаар, оюутнууд хичээлээсээ чөлөө авч, орон нутгийн сонгуульд оролцохоор нэгдсэн унаагаар явж, буцахдаа хувийн унаагаараа зорчиж байж. Цас орж, зорчих хэсгийн зам явахад хүндрэлтэй болсон байсан бөгөөд оюутнууд зорчиж явсан машин Дэлгэр сумын нутагт явж байхдаа осолдсон байна.
Иймд тээврийн цагдаагийн албанаас цаг агаарын мэдээллийг тогтмол авч, холын замд явахдаа машиныхаа бүрэн бүтэн байдлыг шалгаж, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барихгүй байхыг зөвлөж байна.