ИЗНН-ыг УИХ-д бүлэгтэй болгохыг шаардав

ИЗНН-ын дарга Б.Батбаатар өөрийн намыг бүлэгтэй болгох асуудлыг Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хүрээнд шийдвэрлэж өгөх шаардлагыг Засгийн газрыг хамтран байгуулсан МАН, Ардчилсан нам, ХҮН намын удирдлагуудад хандан тавьж буйгаа мэдэгдлээ.

Энэ тухай тэрбээр “… УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж, УИХ-д суудал авсан намуудыг бүлэгтэй болгож, хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх, парламенад суудалгүй намуудын дуу хоолойг парламент суудалтай намуудаар дамжуулан илэрхийлж болох эрх зүйн орчин бүрдүүлэх зэрэг асуудлыг яаралтай шийдвэрлэхийг эрх баригч гурван намын удирдлагаас шаардаж байна. Татгалзсан тохиолдолд улс төрийн тэмцлийн дараагийн алхмыг эхлүүлэх болно гэдгийг зарлаж байна. Парламентад суудалгүй улс төрийн намыг хамтран тэмцэхийг  уриалж байна” гэлээ.

УИХ-ын 2024 оны сонгуульд Иргэний зориг ногоон нам дөрвөн суудал авч, парламентад төлөөлөлтэй болсон.  Хуульд зааснаар УИХ-ын сонгуульд нэг нам, эвслээс нэр дэвшигч 10 ба түүнээс дээш суудал авсан тохиолдолд УИХ-д бүлэг байгуулж ажиллах боломжтой. Тодруулж хэлбэл, ИЗНН нь парламентад дөрвөн суудал авсан тул бүлэг байгуулах боломжгүй байгаа юм. Гэвч тус намын удирдлага УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хүрээнд бүлэг байгуулах босгыг бууруулах шаардлага тавьж эхэлсэн нь хойноос ирээд хот минийх, хотонд ороод хонь минийх гэгч болж хувираад байна.

УИХ-д нам, эвслийн бүлэг байгуулах асуудлыг ийн хуульчилсан юм.

29 дүгээр зүйл. Улсын Их Хурал дахь нам /эвсэл/-ын бүлэг

  • 29.1.Улсын Их Хурлын сонгуулийн дүнгээр нэг нам, эвслээс албан ёсоор нэр дэвшиж 10 ба түүнээс дээш гишүүн сонгогдсон бол уг гишүүд нийлж нам, эвслийн бүлэг /цаашид “бүлэг” гэх/ байгуулж болно.
  • 29.2.Бүлэгт зөвхөн тухайн нам, эвслээс албан ёсоор нэр дэвшиж сонгогдсон гишүүд орно.
  • 29.3.Бүлэг даргаа гишүүдийн олонхын саналаар сонгож, бүлэг байгуулсан тухай шийдвэр, бүлгийн гишүүдийн нэрийн жагсаалтыг бүлгийн дарга Улсын Их Хурлын даргад бичгээр ирүүлэх бөгөөд ийнхүү ирүүлснээр бүлгийн эрх, үүрэг хэрэгжиж эхэлнэ.
  • 29.4.Бие даан нэр дэвшиж сонгогдсон болон ээлжит сонгуулиар 10-аас доош суудал авсан өөр өөр нам, эвслийн төлөөлөл бүхий гишүүд нийлж бүлэг байгуулахгүй.
  • 29.5.Гишүүн бүлгээс гарсан бол өөр бүлэгт орохыг хориглоно.
  • 29.6.Бүлгээс гарсан гишүүд нэгдэж бие даан бүлэг байгуулахгүй.
  • 29.7.Нөхөн сонгогдсон гишүүн аль нэг бүлэгт нэгдсэн бол тухайн бүлгийн дарга нь, гишүүн аль нэг бүлгээс гарсан бол энэ тухайгаа Улсын Их Хурлын даргад бичгээр ирүүлснийг Улсын Их Хурлын дарга нэгдсэн хуралдаанд уншиж сонсгоно.
  • 29.8.Бүлгийн гишүүдийн харьяалагддаг нам татан буугдсан бол бүлгийг татан буугдсанд тооцох ба тухайн намын гишүүд нэгдэн дахин бүлэг байгуулах, бусад бүлэгт орохыг хориглоно.
  • 29.9.Сонгуульд орсон эвсэл тарсан бол эвслийн бүлэг татан буугдсанд тооцох бөгөөд түүний бүрэлдэхүүнд байсан нам 10 ба түүнээс дээш суудалтай бол түүний гишүүд нэгдэн дахин бүлэг байгуулж болно. Хэрэв тухайн нам 10-аас доош суудалтай бол гишүүд нь бусад бүлэгт нэгдэн орохыг хориглоно.
  • 29.10.Сонгуулийн дараа Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу зөвшилцөн Засгийн газар байгуулах олонхыг бүрдүүлсэн нам, эвсэл нь нэгэн бүрэн эрхийн хугацаанд эвслийн гэрээний дагуу нэг эвслийн бүлэг байгуулна.
  • 29.11.Энэ хуулийн 29.10-т заасан эвслээс аль нэг нам, эвсэл нь гарсан бол тухайн эвслийн бүлгийг тарсанд тооцно.
  • 29.12.Энэ хуулийн 29.11-д заасны дагуу эвслийн бүлэг тарсан тохиолдолд Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу зөвшилцөн шинээр олонхыг бүрдүүлсэн нам, эвсэл гэрээний дагуу үлдсэн бүрэн эрхийн хугацаанд нэг эвслийн бүлэг байгуулна.
  • 29.13.Энэ хуулийн 29.11-д зааснаар эвслийн бүлэг тарсан тохиолдолд Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу зөвшилцөн шинээр олонхыг бүрдүүлсэн нам, эвсэл гэрээний дагуу үлдсэн бүрэн эрхийн хугацаанд нэг эвслийн бүлэг байгуулна.
  • 29.13.Энэ хуулийн 29.11-д зааснаар эвслийн бүлэг тарсан тохиолдолд эвслийн бүлэгт байсан нам, эвсэл энэ хуулийн 29.12-т заасны дагуу шинээр байгуулагдсан эвслийн бүлэгт ороогүй бөгөөд 10 ба түүнээс дээш гишүүнтэй бол бүлэг байгуулж болно.
  • 29.14.Улсын Их Хурлын гишүүд хамтран Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгээс өөр сонирхлын бүлэг, зохион байгуулалтын аливаа хэлбэр үүсгэснийг Улсын Их Хурлын албан ёсны бүтцэд тооцохгүй.