Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өнөөдөр /2024.11.25/ ээлжит мэдээлэл хийлээ.
Энэ удаагийн мэдээллээр томуу, томуу төст өвчнөөр өвдсөн хүүхдийг гэрийн нөхцөлд хэрхэн зөв зохистой асран сувилах талаар зөвлөмжийг ХӨСҮТ-өөс өгсөн юм.
ЭХЭМҮТ-ийн Амьсгалын эрхтний эмгэг судлалын тасгийн их эмч Б.Гүен “Гэрээр эмчлүүлэх боломжтой зовиур бага хүүхдийг хэрхэн асарч сувилах зөвлөгөөг эцэг эх, асран хамгаалагчид өгөхийг зорилоо. Өнөөдрийн байдлаар ЭХЭМҮТ-ийн нийт 66 хүүхэд уушгины хатгалгаа өвчнөөр хэвтэн эмчлүүлж байна.
Томуу, томуу төст өвчнөөр өвдсөн хүүхдэд шингэн бүлээн зүйлийг ердийн үеийнхээс их хэмжээгээр уулгах, харин лаазалсан, үйлдвэрийн савласан бүтээгдэхүүн хэрэглэхээс аль болох зайлсхийх, гэртээ агаар сэлгэлт хийж, чийгтэй цэвэрлэгээг тогтмол хийж байх хэрэгтэйг зөвлөж байна. Мөн хайрсан хуурсан, амтлагчтай, өөх тостой хоол хүнснээс аль болох татгалзаж, хурдан шингэх, хөнгөн халуун бүлээн шөлөөр хооллох нь зүйтэй. Үүний зэрэгцээ хүүхдэд тохирсон дасгал хөдөлгөөн хийлгэж, хамрыг тогтмол цэвэрлэж, эрт унтуулах нь чухал байна. Томуугийн улирал эхэлсэнтэй учраас маск буюу амны хаалтыг тогтмол зүүж хэвшихийг уриалж байлаа.