Чидо хар салхины хүч цагт 226 км-т хүрчээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Энэтхэгийн далайд 226 км цагийн хурдтай Чидо хар салхи болжээ. Хар салхи Мозамбик улс болон Францын эзэмшилд байдаг Майотт арлын нутаг дэвсгэрт дайрчээ. Майотт арал нь Мадагаскар болон Мозамбик улсуудын дунд байрладаг юм байна.

Мозамбик улсад хар салхины улмаас хөрсний гулсалт үүссэн байна. Харин Майотт арал хар салхинд бүрэн нэрвэгдэж асар их хэмжээний гарз хохирол амсаад байна.   Одоогоор Чидо хар салхины улмаас Майотт арал дээр 14 хүн амь үрэгдэж, 250 гаруй хүн гэмтэж бэртжээ.

Хар салхины үеэр зам харилцаа эвдэрч, дэд бүтэц сүйтгэгдэж, нисэх буудлууд ч ажиллах боломжгүй болсон. Арал дээр 15,000 өрх гэрэл цахилгаангүй байна. Мөн олон мянган иргэн ундны ус, идэх хоолгүй үлджээ. Майоттын нийслэл Мамужу хотын нисэх буудлын хяналтын цамхаг гэмтсэн учраас зөвхөн цэргийн нисэх онгоц л газардах боломжтой. Франц улсын Засгийн газар байгалийн гамшигт өртсөн арлын оршин суугчдад тусламж илгээжээ.