ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ШИЛДЭГ ТАМИРЧИН, ДАСГАЛЖУУЛАГЧ НАРТ 2 ӨРӨӨ БАЙРНЫ ТҮЛХҮҮР ГАРДУУЛЛАА

Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 17-р хуралдаанаар аймаг орон нутгийнхаа нэрийг өндөрт өргөж яваа шилдэг тамирчид болох Б.Мөнхболд, Б.Батсуурь, Б.Өлзийбат, З.Баярт нарт тус бүр хоёр өрөө орон сууцыг өгөхөөр шийдвэрлэсэн бөгөөд байрны түлхүүрийг өнөөдөр гардуулан өглөө.
Дээрх тамирчид нь улсдаа төдийгүй тив дэлхийн олон тэмцээнд аймаг орон нутаг цаашлаад улс, эх орноо төлөөлөн оролцож амжилт үзүүлснээс гадна шинэ залуу тамирчдыг бэлтгэн сүүлийн жилүүдэд улсын дээд лиг, олон улсын тэмцээнд томоохон амжилтын эздийг төрүүлж буй билээ.
Мөн ОУХМ Б.Мөнхболд, Спортын мастер Б.Батсуурь нарийг Өмнөговь аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнасныг энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга Н.Энхбат, Засаг даргын орлогч Ц.Дэнээдорж нар гардуулан өгч баяр хүргэлээ.