БНСУ-ын Ерөнхийлөгч мэдүүлэг өгсөнгүй

Өмнөд Солонгосын парламент Ерөнхийлөгч Юн Сок Ёлын бүрэн эрхийг түдгэлзүүлж, импичмент тулгасны дараа мөрдөн байцаагчид түүнийг эрх мэдлээ урвуулан ашигласан, урвасан хэргээр хариуцлагад татахаар бэлтгэж байна.

Авлигын эсрэг тэмцлийн мөрдөх товчооноос Ерөнхийлөгчийг саатуулах, баривчлах боломжийг судалж байгаа аж. Прокурорын газраас Юн Сок Ёлоос онц байдал зарласан асуудлаар тайлбар авахаар дуудсан ч очоогүй байна.

“Түүнийг ням гаригийн 10.00 цагт ирж тайлбар өг хэмээн зарлан дуудах хуудас хүргүүлсэн ч ирээгүй учир дахин зарлан дуудах хуудас явуулахаар бэлтгэж байна” хэмээн прокурорын газраас мэдэгдэв.

Юн Сок Ёл энэ сарын эхээр онц байдал тогтоох гэж оролдсон нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл хэмээн үзэж байгаа аж. Өмнөд Солонгосын хууль сахиулах байгууллага цагдаа, цэргийн өндөр албан тушаалтнуудыг онц байдал зарласан асуудалд гол үүрэг гүйцэтгэсэн хэмээн сэжиглэн шалгаж байна.