Нэг сар хоригдсон Реппер Roockie буюу У.Мөнхбаганы ухаарлын дуу “Болдоггүй”

Реппер Roockie буюу У.Мөнхбагана согтуугаар автомашин жолоодож, 30 хоног баривчлагдсан.  Тэрбээр суллагдсаныхаа дараа ухаарлын “Болдоггүй” дуугаа гаргажээ.

Сануулахад: өнгөрсөн оны  12 дугаар сарын 19-ний шөнө 02 цагийн орчимд дуучин Rookie буюу У.Мөнхбагана нь цахим орчинд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай тээврийн хэрэгсэл жолоодох үедээ “Намайг хамгийн түрүүнд барьсан цагдаа нарт бүх хөрөнгөө өгье гэх” утгатай бичлэгийг нийтэлсэн. Улмаар цагдаагийн байгууллагаас энэ дагуу шалгалтын ажиллагааг шуурхай явуулж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс иргэн У.Мөнхбаганы согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд 30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан билээ.

Харин бусдыг сошиал орчинд хэл амаар доромжилсон, өдөөн турхирсан асуудалд Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс зөрчлийн хэргээр торгосон байдаг.

Реппер Roockie буюу У.Мөнхбагана жүжигчин Г.Золзаяа нар 2020 оноос хамтын амьдралаа эхлүүлж хоёр сайхан хүүхдийн аав, ээж болоод буй. Гэвч Реппер Roockie буюу У.Мөнхбаганын талаар цахим орчинд үе үе таагүй мэдээллүүд цацагддаг.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, баривчлагдахаар өмнө CU-ын ажилтны биед халдсан бичлэг цацагдаж, уучлалт гуйж байсан билээ.

Харин түүний эхнэр жүжигчин Г.Золжаргал түүнийг баривчлагдсаны дараа “Хүн буруу зүйл хийсэн бол хариуцлагаа хүлээх ёстой” хэмээн өөрийн цахим хуудсаараа дамжуулан хэлж байв.