Г.ЧИНЗОРИГ: Цэрэг өөрөө хүсвэл цэргийн сургуульд явуулж, ажлын байраар хангах боломжтой

Монгол Улсын иргэн О. Одбаяр эр цэрэгт татагдаад эх орныхоо хилийг манаж явах үед нь хайртай гэр бүл нь угаартаж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Энэ талаар тэрбээр Монголын төрөөс хариуцлага нэхэж, гомдолтой байна гэдгээ өчигдөр/2025,02,27/ хэлсэн.

Тэгвэл түүнийг өөрөө хүсвэл Хил хамгаалах ерөнхий газар сургаад, ажлын байраар хангах боломжтой гэв. ХХЕГ-ын ХУРАНДАА Г.ЧИНЗОРИГ: “Байлдагч О.Одбаяр эхлээд өргөдөл гаргасан. Өргөдөл нь Нийслэлийн цэргийн штабаар дамжаад манайд нэгдүгээр сарын 29-нд албан тоотоор хандсан. Үүнийх нь дагуу хоёрдугаар сарын 3-нд ХХЕГ-ын даргын тушаалаар хугацаат цэргийн албанаас түр чөлөөлсөн байгаа. Ер нь халагдсан гэсэн үг. Хуулийнхаа дагуу. Мөр зэрэгцэн алба хааж байсан цэргийн албан хаагчид маань ийм эмгэнэлтэй явдал болсон учир дэмжихэд бэлэн байна. Цэрэг өөрөө хүсвэл бид тухайн цэргийг ажлын байраар хангах бүрэн боломж байна. Эхний ээлжинд цэргийн сургуульд явуулна” гэв.