ЯПОНЫ ИРГЭН ХЯТАДАД ТАГНУУЛ ХИЙСЭН ХЭРГЭЭР 12 ЖИЛИЙН ЯЛ АВАВ

2021 оны арванхоёрдугаар сараас хойш Хятадын Шанхайд баривчлагдан хоригдож байгаа Япон улсын иргэнд оногдох шүүхийн эцсийн шийдвэр өчигдөр буюу Мягмар гарагт Шанхайн шүүхд гарлаа.
Шүүхээс 50 гаруй настай Япон эрэгтэйг тагнуул хийсэн болохыг тогтоож, түүнд 12 жилийн хорих ял оноосон болохыг Шанхай дахь Японы Ерөнхий консулын газар мэдээлжээ.
Түүнийг Хятадын холбогдох хууль сахиулах албаныхан баривчилж, дараа нь яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд 2023 оны аравдугаар сараас эхэлж түүнд холбогдох шүүх хурлууд эхэлж, шүүхийн сонсголууд явагдсан.
БНХАУ дахь Японы элчин сайд яам, Шанхай дахь Ерөнхий консулын газар иргэнийхээ эрхийг хамгаалахын тулд түүнийг баривчлагдсан цагаас хойш анхаарч, холбогдох шүүхийн сонсголуудад төлөөлөгчдөө оролцуулах хүсэлтийг тавьж байсан ч Хятадын шүүхээс тэдний хүсэлтийн хүлээн аваагүй. Иймд шүүх хуралдаануудад Японы албаны хүмүүсийг байлцуулаагүй байна.
Бээжин дэх Японы Элчин сайдын яам Япон иргэдийг суллуулах хүсэлтээ Хятадын ГХЯ-нд удаа дараа тавьж байгаа ч шүүхийн ажиллагаанд тус яам оролцох боломжгүй гэсэн тайлбар өгсөөр ирсэн ба Японы ЭСЯ-ны зүгээс шүүхийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж, Хятадад шалгагдаж байгаа Японы иргэдэд хүнлэг хандахыг хүссээр байгаа.
Харин Хятадын шүүхээс Японы талын удаа дараагийн тавьсан хүсэлтийн дагуу Шанхай дахь Япон улсын Ерөнхий консулын газрын төлөөлөгчийг мягмар гарагт болсон шүүх хурлыг ажиглахыг зөвшөөрсөн байна.
Японы хэвлэлүүд яллагдагчтай холбоотой асуудлаар Шанхай дахь Япон улсын Ерөнхий консулын газраас дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүссэн боловч Хятадын Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон холбогдох хууль журам, Хувийн Мэдээллийг Хамгаалах Хуулийн дагуу дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байгаа юм байна.
2014 онд Хятадад тагнуулын эсрэг хууль хэрэгжиж эхэлснээс хойш Японы 11 иргэн энэ хуулийн дагуу Хятадад баривчлагдсан бөгөөд зарим нь шүүхээс тогтоосон хорих ялаа эдэлж байгаа бол заримынх нь хэрэг эцэслэн шийдэгдээгүй, мөрдөн байцаалтын шатанд үргэлжилж байгаа хэвээр байна.

Эх сурвалж: https://www3.nhk.or.jp/nhkworld/en/news/20250514_01/