ОРОСЫН ЗЭВСГИЙН КОМПАНИУД ХЯТАДААС ТҮҮХИЙ ЭДЭЭ ХУДАЛДАН АВЧ БАЙНА

Украины Гадаад тагнуулын албаны дарга Иващенко Хятад улс Оросын цэргийн компаниудад дарь болон бусад шаардлагатай зэвсэг үйлдвэрлэхэд хэрэгтэй материалуудыг нийлүүлж байна гэж мэдээлжээ. Тэрээр Даваа гарагт Украины төрийн мэдээллийн агентлагт өгсөн ярилцлагадаа, Хятад компаниуд машин механизмын эд анги, хэрэгсэл, тусгай химийн бодис, дарь зэргийг нийлүүлдэг гэсэн мэдээллийг бид олж авсан. Украины тагнуулын алба Оросын 20 орчим зэвсгийн үйлдвэрүүд Хятадаас түүхий эд авч байгаа талаар мэдээллийг баталгаажуулсан гэжээ. 2025 оны эхний саруудын мэдээллээр Оросын нисгэгчгүй онгоцонд хэрэглэгдэж буй чухал электрон хэрэгслийн 80 орчим хувийг Хятадаас нийлүүлсэн бөгөөд электроникийн чухал түүхий эдийг бараг бүгдийг нь Хятадаас авч байгааг онцолжээ. Өнгөрөгч дөрөвдүгээр сард Украины Ерөнхийлөгч Зеленский Хятад Орост зэвсэг нийлүүлж байгаа гэсэн мэдээллийг авсан бөгөөд тухайн үед Украины Гадаад хэргийн яам Киевт суугаа Хятадын элчин сайдыг дуудаж, Бээжинг Москвад үзүүлж буй энэ тусламжаа зогсоохыг шаардсан байна. Харин Хятадын зүгээс Украины энэхүү мэдэгдлийг ор үндэслэлгүй гэж няцаажээ.