Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ ирэх долоо хоногт хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны тавдугаар сарын 28-нд болж Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн барихаар тогтлоо. Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тогтоолын төслийг УИХ 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэх юм байна.

МАН-ын Бага хурлаар хамтарсан намуудыг Засгийн газраас гаргах шийдвэр гаргасан. Гэвч Ерөнхий сайдыг Бага хурлаар бус УИХ-аар томилсон. Ерөнхий сайд томилогдохдоо УИХ-д Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг бүрдүүлж оруулж ирдэг. Тиймээс хамтарсан Засгийн газар үйл ажиллагааг үргэлжлүүлэх, эсэх асуудлыг УИХ-аар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн саналыг сайд нар 100 хувь дэмжиж саналаа өгсөн.

Тиймээс ЗГХЭГ-аас Хамтарсан Засгийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх, эсэх асуудлыг хэлэлцэн шийдэрлүүлэх тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрын хувь заяаг УИХ-аар шийдэх улс төрийн нөхцөл үүсэж  байна.

2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгулагдсан 126 гишүүнтэй парламент дахь намуудын суудлын тоо: 

  • МАН-68
  • АН-42
  • ХҮН-8
  • Үндэсний эвсэл-4
  • ИЗНН-4 суудалтай.

Хамтарсан Засгийн газрын 23 сайдын найм нь АН-аас, хоёр нь ХҮН намаас томилогдсон.

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан Үндэсний баялгийн сан, хөгжлийн 14 мега төсөл, эрчим хүчний салбарын реформ, бүсчилсэн хөгжил зэрэг томоохон зорилтын хэрэгжилтийг эрчимжүүлж, бодит үр дүнг бататгах, цаашид дэвшүүлсэн бодлого, зорилтоо хамтын хариуцлагын зарчимд тулгуурлан тогтвортой хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.