“Нүүрсний” гэх тодотголтой хэргээр 2.6 жилийн хорих ял сонсож, ял эдэлж байгаа УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан өнөөдөр тэнсэн харгалзан суллагдахаар болсон гэдэг нь худал мэдээлэл гэдгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас мэдээллээ.
САНУУЛАХАД: Өнгөрсөн оны нэгдүгээр сард Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, шүүхээс УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханд Эрүүгийн тухай хуулийн тусгай ангийн 22.10.2-т заасны дагуу 3 жилийн хорих ял, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягт 5 жил 9 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх шийдвэр гаргасан билээ.
Улмаар тухайн нэр бүхий шүүгдэгчид анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаснаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх Т.Аюурсайхан нарт холбогдох хэргийг өнгөрсөн оны есдүгээр сарын 12-ны өдөр хэлэлцээд, Т.Аюурсайханы хорих ялыг 2.6 жил, Б.Ганхуягийн хорих ялыг 3.9 жил болгож бууруулсан юм.
