Т.Аубакир: Төсвийн төсөлд тэтгэврийг 10.3 хувиар нэмэх санал өгсөн

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар болон Монголын ахмадын холбооны Удирдах зөвлөлийн гишүүдийн төлөөллийг хүлээн авч уулзжээ.

Тус уулзалтаар Монголын ахмадын холбооноос салбар яамд ирүүлээд буй долоон заалт бүхий шаардлагын талаар болон тэтгэврээ нэмүүлэх зэрэг шаардлагын хариуг яамны зүгээс хангаж ажиллах боломжуудын талаар ярилцсан байна.

Уулзалтын үеэр Монголын ахмадын холбооны удирдлагууд “Өндөр насны тэтгэврийг хуульд нийцүүлж, жилийн инфляцын түвшингээс багагүй хувиар нэмэх хэрэгтэй байна” гэдгийг хэлжээ.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир “Ахмадуудын шаардлагыг ойлгож байна. Аль болох хуульд нийцүүлэн өндөр насны тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхийг анхаарч ажиллаж байна.

Төсвийн төсөлд манай яамны зүгээс тэтгэврийн хэмжээг 10.3 хувиар нэмэгдүүлэх саналаа өгсөн. Гэвч төсвийн боломжит хязгаар үүнийг хязгаарлаж байна. Ямартай ч ахмадуудын нийгмийн нөхцөлийг сайжруулахын тулд хичээж ажиллана” гэдгээ онцоллоо гэж ГБХНХЯ-аас мэдээллээ.