Улаанбаатарын агаар дахь хүхрийн хэмжээ нэмэгдсэн нь юунаас үүдэлтэй тухай болон хими, химийн технологийн хүрээлэнд хийгдэж буй судалгаануудын талаар тус хүрээлэнгийн захирал Л.Жаргалсайхантай ярилцлаа.
– Агаарын бохирдлыг бүрдүүлэг элементүүдийн шинж чанар болон тэдгээрээс нэн түрүүнд бид алийг нь багасгахад зорих ёстой талаар яриагаа эхлэх үү?
– Агаарын бохирдол зөвхөн гэрийн зууханд шатаасан нүүрснээс үүсдэг гэж ойлговол маш өрөөсгөл болно.
Агаар бохирдуулагч бодисууд олон эх үүсвэрээс үүсдэг, үүсгэж байгаа эх үүсвэрээсээ хамаарч өөр өөр байдаг. Бидний сайн мэддэг жижиг ширхэгтэй тоосонцор, хүхэрлэг хий, азотын ислүүд гэх мэт их хэмжээгээр үүсдэг бохирдуулагчид байна. Бага хэмжээгээр үүсдэг боловч маш их хоруу чанартай, хорт хавдар үүсгэдэг, үр удамд нөлөөлдөг, дархлаа, мэдрэл, дотоод шүүрлийн системд нөлөөлдөг диоксин, фуран, бенз(a)пирен, мөнгөн ус гэх мэт бохирдуулагчид бас байна.
Тиймээс аль нь хамгийн их хортой вэ, алийг нь нэн түрүүнд бууруулах ёстой вэ гэдгээ тодорхойлоод, арга хэмжээ авах хэрэгтэй байдаг. Шатааж байгаа түлш, материалд юу агуулагдаж байна тэр нь бохирдуулагч болж агаарт ялгардаг нэг хэсэг бохирдуулагч байхад, шатаалт явагдсан нөхцөлөөс хамаарч үүсдэг өөр төрлийн бохирдуулагч бас байна. Жишээлбэл, нүүрсэнд хүхэр, азот, мөнгөн ус, хүнд металлууд агуулагддаг учраас эдгээр нь хүхэрлэг хий, азотын ислүүд, тоосонцор үүсгэдэг. Харин шатаалт явагдсан нөхцөлөөс хамаарч нүүрстөрөгчийн дутуу исэл буюу угаарын хий, диоксин, фуран үүсдэг байх жишээтэй.
Бид нарын сайн мэдэх болсон, манайд байнгын хяналт шинжилгээ хийж байгаа жижиг тоосонцор(РМ10, РМ2.5), азотын давхар исэл, хүхэрлэг хийн аль нь илүү хүний эрүүл мэндэд хортой вэ гэдгийг ярья. Эдгээрээс хамгийн хортой нь жижиг ширхэгтэй тоосонцор буюу РМ2.5 тоосонцор юм. Энэ тоосонцор шаталтын процессоос үүсдэг бөгөөд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Олон улсын хавдар судлалын хүрээлэнгээс 2014 онд хүнд хорт хавдар үүсгэдэг бодисын нэгдүгээр зэрэглэлд оруулсан.
Учир нь энэ бохирдуулагч нь зүгээр нэг тоос биш, олон төрлийн бодисоос бүрдсэн нийлмэл бүтэцтэй хатуу жижиг хэсэг байдаг.
Түлшний шатдаггүй хэсэгт агуулагдаж байсан цахиур, кальц, хар тугалга, цайр, мөнгөн ус гэх мэт элементүүд, дутуу шатсанаас үүссэн нүүрстөрөгч буюу тортог зэргээс тогтоно. Нүүрстөрөгч маш сайн шингээх чадвартай тиймээс шаталтаас үүссэн диоксин, фуран, бенз(a)пирен гэх мэт органик бохирдуулагчдыг өөртөө шингээсэн байдаг. Энэ тоосонцор маш жижиг ширхэгтэй учраас хүний амьсгалаар биед нэвтэрч, амьсгалын замын эрхтэн, уушгиар дамжин хүний цусанд орж, эрхтэн системд тархдаг. РМ2.5 тоосонцорт агуулагдаж байгаа бодисуудын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл нь өөр өөр байдаг учраас хүний эрүүл мэндэд янз бүрийн хэлбэрээр сөрөг нөлөө үзүүлнэ.
РМ10 тоосонцор бол машин техникийн хөдөлгөөн, газар шорооны ажил, салхи зэргээр үүсдэг.
Дараагийн бохирдуулагч бол азотын давхар исэл бөгөөд өндөр температурын шаталтын үед үүсдэг. 760 градусаас дээш температурт үүсдэг учраас гэрийн зуухнаас үүсэхгүй гэж үзэж болно. Гол эх үүсвэр нь цахилгаан станц, өмнө хэлсэн үйлдвэрүүд, автомашины хөдөлгүүр болдог. Азотын давхар исэл нь амьсгалын замын эрхтний үйл ажиллагаанд нөлөөлж, бронхит, астама үүсгэнэ. Зүрх-судасны өвчлөлийг нэмэгдүүлдэг гэж бас үздэг.
Хүхэрлэг хийн хувьд ямар ч температурын шаталтын үед үүсэх бөгөөд түлшинд хүхэр хэр хэмжээгээр агуулагдана тэр хэмжээгээр үүснэ. Гэрийн зуух, уурын зуух, цахилгаан станц, авто машины хөдөлгүүр, үйлдвэрүүдээс үүснэ. Бронхит, астмаар өвчлүүлнэ.
Энэ бүхнээс харахад хамгийн хортой РМ2.5-ыг бууруулах нь чухал бөгөөд үүнийг бууруулах арга хэмжээг нэн тэргүүн авч хэрэгжүүлэх хэрэгтэй.
– ДЭМБ-аас агаар бохирдуулагч бодисуудын зөвшөөрөгдөх дээд хэмжээг зарласан байдаг. Улаанбаатар хотын агаарт байгаа бохирдуулагч элементүүд ямар хэмжээнд байгаа вэ?
– Ер нь ямар ч химийн бодисын хордлогыг архаг болон хурц гэж ангилдаг.
Архаг гэдэг нь бага тунгаар урт хугацаанд өртөхийг, хурц гэдэг нь их дунгаар богино хугацаанд өртөхийг хэлдэг.
Их тунгаар богино хугацаанд өртөхөд хүнд ханиалгах, толгой өвдөх, бөөлжис цутгах, толгой эргэх гэх мэт шинж тэмдэг шууд илэрнэ. Харин бага тунгаар урт хугацаанд өртөхөд хурц хордлого шиг шууд шинж тэмдэг илрэхгүй, харин аажимдаа янз бүрийн өвчлөл үүсгэдэг.
Агаар бохирдуулагч бодисуудын зөвшөөрөгдөх дээд хэмжээг ДЭМБ-аас тогтоосон байдаг. Ингэхдээ архаг хордлогод өртөх, хурц хордлогод өртөх хэмжээг ялгавартайгаар тогтоосон. Жишээлбэл, азотын давхар ислийн зөвшөөрөгдөх дээд хэмжээний жилийн дунджийг 40 мкг/м3, цагийн дунджийг 200 мкг/м3, хүхэрлэг хийн жилийн дундаж хэмжээ 20 мкг/м3бол богино хугацааны буюу 10 минутынх нь 500мкг/м3 гэж тогтоосон.
Харин тооцонцрын хувьд РМ10-ынх жилийн дундаж нь 20 мкг/м3, хоногийн дундаж нь 50 мкг/м3, РМ2.5 тоосонцрынх үүнээс хоёр дахин бага буюу жилийнх 10 мкг/м3, хоногийнх нь 25 мкг/м3.
– 2019 оны аравдугаар сард өмнөх оны мөн үеэс хүхэрлэг хий 0.013 мг/м3 буюу хоёр дахин их, азотын давхар исэл 0.007 мг/м3 буюу 20.9 хувиар их байгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн. Энэ нь шууд иргэдийн эрүүл мэндэд нөлөөлөх хэмжээ мөн үү?
-Яг тэгж ойлгож болохгүй. Зөвшөөрөгдөх дээд хэмжээг харьцуулахдаа юуг юутай харьцуулах вэ гэдэг анхаарах хэрэгтэй. Жилийн дунджийг хоногийн дундажтай, хоногийн дунджийг 10 минутынхтай харьцуулж болохгүй, хоногийнхыг хоногийнхтой, жилийнхийг жилийнхтэй нь харьцуулах ёстой.
Улаанбаатар хотын агаарын чанарын мониторингийн дүн 24 цаг буюу хоногийн дунджаар гарч байгаа. Хүхэрлэг хийн болон азотын давхар ислийн хэмжээ стандартаас болон өмнөх жилийнхээс их байгаа. Азотын давхар ислийн хэмжээ гэр хороололд шатаасан нүүрстэй холбоогүй гэж өмнө хэлсэн. Тиймээс азотын давхар ислийн хэмжээ их байгаа нь тээврийн хэрэгслийн тоо ихээр нэмэгдэж байгаа, замын бөглөрөл их байгаатай гол нь холбоотой гэж хэлж болно. Мөн цахилгаан станцад түлж байгаа нүүрс ч нөлөөтэй.
Хүхэрлэг хий өнгөгүй, өмхий муухай үнэртэй учир агаарт их хэмжээгээр байвал үнэртэх ёстой.
Шахмал түлш хэрэглэснээс хойш хүхэрлэг хийн хэмжээ их байгаагаас хордож байна, толгой өвдөж байна гэсэн яриа их гарч байгаа.
Хүхэрлэг хийн хэмжээ ДЭМБ-ын тогтоосон богино хугацааны 500 мкг/м3 хэмжээнээс бага байгаа нь агаарын чанарын хяналтаар тогтоогдож байгаа. Үүнийг хоёр зүйлээс харж болох байх. Эхнийх нь хүхэрлэг хий өнгөгүй, өмхий муухай үнэртэй учир агаарт их хэмжээгээр байвал үнэртэх ёстой. Хоёр дахь нь хүхэрлэг хийд өртөхөд ханиах, амьсгаадах, цээжээр өвдөх шинж тэмдэг илэрдэг, харин толгой өвддөггүй. Учир нь хүхэрлэг хий нь ус чийгтэй харилцан үйлчилж, хүчил үүсгэдэг тул хэрэв их тунгаар өртвөл амьсгалын замын эрхтэн, нүд улайх, үрэвсэх шинж тэмдэг мэдрэгдэнэ.
Харин урт хугацаанд бага тунгаар өртсөн тохиолдолд бронхит, астмаар өвчлүүлнэ.
-Хүхэрлэг хий эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхөөр их хэмжээтэй биш хэдий ч өмнөх оны мөн үетэй харьцуулахад хоёр дахин их хэмжээтэй байгаа нь юунаас шалтгаалж байгаа юм бол?
-Шахмал түлш үйлдвэрлэхэд Тавантолгойн коксжих нүүрсний баяжуулалтын завсрын бүтээгдэхүүн буюу хүмүүсийн нэрлээд байгаа нүүрсний мидлингийг барьцалдуулагчтай хольж ашиглаж байгаа. Манай хүрээлэн шахмал түлш, түүний үнс, мөн барьцалдуулагчийн шинжилгээг хийсэн. Барьцалдуулагчаар цардуул буюу крахмал, байгалийн шаварлаг эрдэс, байгалийн шохой хэрэглэсэн нь шинжилгээгээр тогтоогдсон. Одоо манайх үнсийг нь ашиглах боломжийг тогтоох шинжилгээ, судалгааг хийж байна.
Таван толгойн коксжих нүүрсний завсрын бүтээгдэхүүн нь Багануурын нүүрсийг бодвол чийг, дэгдэмхий бодис багатай, илчлэг өндөртэй, харин хүхрийн хэмжээ их байгаа.
Өөрөөр хэлбэл, чийг нь бараг 10 дахин, дэгдэмхий бодис нь бараг 2 дахин бага, үнслэг нь 50, хүхрийн хэмжээ нь 70 гаруй хувиар их, илчлэг нь бараг 2000 ккал-аар их байсан. Цардуул нь хүхэр агуулдаггүй, нүүрстөрөгч, устөрөгч, хүчилтөрөгчөөс тогтдог.
Тэгэхээр шахмал түлшинд агуулагдах хүхрийн хэмжээ их байгаа ч түүхий нүүрснээс хоёр дахин бага хэрэглэж байгаа болохоор агаарт ялгарах хүхэрлэг хийн хэмжээ түүхий нүүрс түлж байсан үеийнхтэй ижил түвшинд байна гэж хэлж болно.
ХӨГЖИЛТЭЙ ОРНУУДЫН ТОМ ХОТУУД ДИЗЕЛЬ ХӨДӨЛГҮҮРТЭЙ МАШИНААС ТАТГАЛЗАЖ БАЙНА
– Тэгвэл хүхэр өөр юунаас ялгарч байж болох вэ, албаныхан мэргэжлийн хяналтын байгууллагын хийсэн шинжилгээний дүнг үндэслээд автомашины шатахуун тэр дундаа дизель түлштэй холбож тайлбарлаад байгаа?
– Энэ тайлбарыг би бодитой гэж үзэж байна.
Бензин, дизель түлш стандарттай, стандартаар хүхрийн хэмжээг нь зааж өгсөн байдаг. Шатахуун дахь хүхрийн хэмжээ их байвал автомашины утаанд агуулагдах хүхэрлэг хийн хэмжээ их байна гэсэн үг. Энэ нь шатахууны төрөл, чанартай шууд холбоотой.
Хөгжилтэй орнуудын том хотууд дизель хөдөлгүүртэй машинаас татгалзаж байна. Харин манай улсад дизель түлшнээс ч дор хуурамч шатахуун хэрэглэж байгаа талаар мэдээллүүд гарах болсон.
Өмнө нь дэлхий нийтэд энэ зорилгоор метил хар тугалга гэдэг онцгой хортой бодис хэрэглэдэг практик их байсан, одоо өөр бодисуудыг ч хэрэглэдэг болсон.
Тэгэхээр бид яг стандартын шаардлага хангасан дизель түлш, бензин импортолж чадаж байна уу үгүй юу гэдэгтээ хяналт тавих хэрэгтэй. Мазутын хэрэглээ манай улсад маш бага, цахилгаан станц, цементийн зуухыг эхэлж галлах гэх мэт цөөхөн зорилгоор ашигладаг.
Японы судлаачдын манайд ашиглаж байгаа шатахуунуудад хийсэн шинжилгээгээр хүхрийн агуулга нь стандартад зааснаас хэдэн арав дахин өндөр гарсан талаар танилцуулж байсан. Тэгэхээр агаарын бохирдлоо бууруулъя гэвэл ганц гэр хорооллын нүүрстэй зууралдах биш бас шатахууны чанараа хянах, замын бөглөрлөө бууруулах, цахилгаан станцуудаа тоос барих, утаа цэвэрлэх системтэй болгоход анхаарах хэрэгтэй.
– Шахмал түлшийг шатаах үед түүхий нүүрснээс гардгаас өөр үнэр гараад байгаа талаар иргэд ярих болсон. Тэр нь аль нэгдлийнх нь үнэр юм бол, танайх шахмал түлшний найрлагад шинжилгээ хийсэн үү?
– Шахмал түлш хэрэглэснээр агаар дахь тоосонцрын хэмжээ, муухай үнэр эрс багассан нь бидэнд мэдрэгдэж байгаа. Энэ нь Тавантолгойн нүүрсэн дэх дэгдэмхий бодисын хэмжээ бага, сайн шахаж нягтруулсантай холбоотой. Түүхий нүүрсийг шатаах үед шатаалтын эхэнд их хэмжээний дэгдэмхий бодис, тоосонцор ялгарч, бидний нүдэнд харагдаж, хамарт үнэртдэг байсан.
Шахмал түлшний барьцалдуулагч байгалийн шавар, шохойг шатаахад ямар нэгэн үнэр гарахгүй. Цардуул шатаахад ямар үнэр гардгийг би мэдэхгүй байна. Онолын хувьд цардуул гүйцэд шатахад нүүрстөрөгчийн давхар исэл, ус л үүснэ.
Нүүрсээ хийжүүлэх, шингэрүүлэх замаар байгаль орчинд ээлтэй түлш гарган авах хэрэгцээ, шаардлага тулгарч байна
-Хими, химийн технологийн хүрээлэнд түүхий нүүрсийг шингэрүүлэх, хийжүүлэх туршилтууд хийгддэг байх аа?
-Манай Нүүрсний хими технологийн лаборатори эх орныхоо нүүрсний ордуудын нүүрсний найрлага, шинж чанарын судалгаа хийхээс гадна, шингэрүүлэх, хийжих шинж чанарыг судалдаг.
Дэлхийн дулаарал болон агаарт ялгарах мөнгөн усны дийлэнх нь нүүрсний шаталтаас үүсэж байгаа зэрэгтэй холбоотойгоор нүүрсээр ажилладаг цахилгаан станцаас татгалзах, нүүрсний хэрэглээг бууруулах чиг хандлага дэлхий нийтэд гарч байна. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр, Мөнгөн усны тухай Минаматагийн конвенцэд дэлхий улс орнууд нэгдэж, нийтээрээ тэмцэж байна. Тиймээс их хэмжээний нүүрсний нөөцтэй манай улсын хувьд нүүрсээ хийжүүлэх, шингэрүүлэх замаар байгаль орчинд ээлтэй түлш гарган авах хэрэгцээ, шаардлага тулгарч байна.
-Судалгааны зарим үр дүнгээсээ танилцуулж болох уу?
-Одоогийн байдлаар 20 гаруй ордын нүүрсний судалгааг хийж, нүүрсийг коксжуулах, нүүрснээс олон төрлийн бүтээгдэхүүн гаргаж авах технологи боловсруулах судалгааг хийж байна.
Манай хүрээлэнгийн дэргэд байгуулагдсан “Уужим булган” гарааны компани нүүрснээс гаргаж авсан гумины хүчлээр бордоо, үнэр дарагч зэргийг үйлдвэрлэж байна.
Нүүрснээс идэвхжүүлсэн нүүрс гарган авах технологийг манай судлаачид боловсрууллаа. Идэвхжүүлсэн нүүрсийг ус, бохир ус цэвэрлэх, хий дэх бохирдуулагчдыг шингээж авахад өргөн ашигладаг. Манайх идэвхжүүлсэн нүүрсийг импортоор авч байна.
-Нүүрсийг шингэрүүлэх, хийжүүлэх технологи өртөг өндөртэй юу, Улаанбаатарчууд нүүрсээ түлэхгүйгээр хий, шингэн байдлаар хэрэглэх боломж бий юу?
-Өртөг бол өндөр. Гэхдээ дэлхий дахин түүхий нүүрснээс татгалзаж байгаа учраас бид ч энэ чиглэлд зорих нь зөв байх. Хэдэн жилийн өмнө хувийн компаниуд нүүрсийг хийжүүлэх үйлдвэр байгуулах чиглэлээр нэлээд идэвхтэй ажиллаж байсан. Одоогоор үйлдвэр байгуулагдаагүй байна.
-Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: Ikon.mn