Хятадад тархаж буй шинэ төрлийн титэм вирус хүнээс хүнд дамждаг болох нь тогтоогдсон тухай БНХАУ-ын Эрүүл ахуй, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн хороо албан ёсоор мэдэгдлээ.
Энэ нь эмнэлгийн 14 ажилтан халдвар авснаар батлагдсан байна. Ийнхүү Хятадад шинэ төрлийн үхлийн аюултай вирус дэгдсэнтэй холбоотойгоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нэгдүгээр сарын 22-ны өдөр онц байдлын хорооны шуурхай хуралдааныг зарлажээ. Шуурхай хуралдаанаар шинэ вирусийн аюул заналыг үнэлж дүгнэх, энэ өвчинтэй тэмцэх зөвлөмжийг боловсруулах юм байна.
Эргэн сануулахад, БНХАУ-ын Ухань хотод үл мэдэгдэх вирус дэгдсэн талаар 12 дугаар сарын 31-нд Хятадын эрх баригчид ДЭМБ -д мэдээлж байв. Халдвар авсан анхны тохиолдлууд нь далайн бүтээгдэхүүн худалдаалдаг бөөний худалдааны захтай холбоотой гэж үзэж байсан юм.
Улмаар энэ өвчнийг үүсгэгч нь 2019-nCoV титэм вирус болохыг нэгдүгээр сарын долооны өдөр Хятадын мэргэжилтнүүд тогтоосон.
Сүүлийн үеийн мэдээллээр, Хятадад энэ вирусийн халдвар авсан хүний тоо 217-д хүрсэн бөгөөд 198 нь Ухань хотод гарсан, мөн энэ өвчний улмаас дөрвөн хүн нас баржээ.
Түүнчлэн Өмнөд Солонгос, Тайланд, Японд өвчний тохиолдол бүртгэгдсэн байна.