“Үндэстний тойм” сэтгүүл энэ дугаартаа “Глоб интернэшнл” төвийн тэргүүн Х.Наранжаргалыг зочноор урьж ярилцлаа.
Хэвлэл мэдээлэлд төрөөс хамгийн их цензур тавьдаг
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг ардчиллын ус, агаар гэж нэрлэдэг. Монголын “ус, агаар” хэр цэвэр, цэнгэг байна вэ?
Хэвлэл мэдээллийн эрх зүйн орчны талаар ярих юм бол маш их юм бий. Англиар media law гэж нэрлээд байгаа хэвлэл мэдээллийн эрх зүй гэдэг ойлголт, орчин манайд бүрдсэн үү гэвэл ерөнхийдөө бүрдсэн. Энэ талаар ярихад юуны өмнө манайханд нэг буруу ойлголт байдаг. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль бол манай суурь хууль гэж их ярьдаг. Эсвэл манай салбарын хууль гэх мэтээр яриад байдаг. Энэ бол тийм биш. Уул уурхайн салбарт бол салбарын хууль байж болно. Сэтгүүл зүй өөрөө мэдээлэл хайх, хүлээн авах, түгээхтэй холбоотой үйл ажиллагаа. Эрх зүйн хүрээн дотор, тухайлбал Уул уурхайн тухай хууль дотор ч мэдээлэлтэй холбоотой зохицуулалт байдаг. Ийм мэдээллээ ил байлгана, ийм мэдээллийг нууцална гэдэг чинь сэтгүүл зүйд хамаатай болоод явчихаж байгаа юм.
Ил тод байдлын тухай л гэхэд Худалдан авах ажиллагааны тухай хууль, Шилэн дансны хууль гээд олон хуульд туссан байгаа. Шаардлагатай бол тэдгээр хуульдаа нэмэлт, өөрчлөлт хийгээд зохицуулалтыг нь нарийвчлаад явахаас биш Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд үүнд зориулсан тусдаа заалт оруулаад байх нь утгагүй. Энд тэндээс бүх л хуульд байгаа юмыг нэг дор базаад тэрийгээ салбарын хууль гэж нэрлэвэл буруу.
Салбарын хууль гэснээс яг одоо Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчлэн найруулах ажил эхэлчихээд байгаа шүү дээ. Та тэр хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт орсон байх аа?
ХЗДХЯ дээр Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулагдаад байгаа. Манай “Глоб интернэшнл” байгууллага тэр ажлын хэсэгт орсон.
Миний бодоход Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчлэх шаардлагатай гэж үзэх зүйлүүд бол бий. Хэвлэл мэдээллийн байгууллагын өмчлөлийг ил тод байлгах гэдэг ч юм уу. Гэхдээ сэтгүүлч гэж хэн бэ, хэвлэл мэдээллийн байгууллага, редакц гэж юуг хэлэх юм гэж тодорхойлооод бүх юмыг хуульчлах гээд байгаа юм. Энэ бол зохистой хэлбэр биш. Одоо мөрдөж байгаа Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг хэрэгжүүлэхэд хэцүү гэж яриад байдаг. Уг нь энэ хуулиар бүх зарчмыг нь заагаад өгчихсөн. Нарийвчилсан заалтыг бусад хуульдаа хийгээд өгчихөд хангалттай.
Тухайлбал, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд “Хэвлэл мэдээллийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хязгаарласан хууль батлан гаргахыг хориглоно” гээд заачихсан. Гэтэл манайхан бусад хуулиараа хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлаад байдаг. Уг нь 1998 оны Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг АНУ-ын Үндсэн хуулийн нэгдүгээр нэмэлт өөрчлөлт гэдэгтэй дүйцсэн сайн зохицуулалттай гэж боддог. Зарим хүн хэт тунхагийн чанартай гэдэг л дээ. Яах вэ, тунхагийн чанартай органик хууль байг. Бусад хууль нь л үүндээ нийцсэн байвал болно гэдэг санал надад бий.
Асуултад тань хариулахад нэгэнт процесс эхлээд ийм хуультай байя гэж үзэх юм бол судалгааны үндсэн дээр, яарахгүйгээр шийдэх ёстой. Тэгэхгүй одоо ингээд ирэх жил ээлжит сонгууль боллоо гээд яаран батлах юм бол сайн хууль гарахгүй. Дараагийн УИХ гарч ирээд дахиад нэмэлт, өөрчлөлт оруулах юм уу, ингээд дуусахгүй процесс үргэлжилж мэднэ. Тиймээс миний хувьд энэ хууль энэ парламентын үед битгий батлагдаасай л гэж бодож байна.
Хуулийн төсөл боловсруулах ажил ямар шатандаа яваа юм бэ?
Ажлын хэсэг хоёр удаа л уулзсан. Одоогоор төсөл ч байхгүй, үзэл баримтлал ч байхгүй л байгаа. ХЗДХЯ- ны байр суурийг илтгэсэн зарчмууд л бичигдсэн юм билээ. Түүнийгээ хоёр ч удаа хэвлэл мэдээллийн салбарын байгууллага, сэтгүүлчдэд танилцуулсан. Ингэж санал авч байгаад энэ хуулийн үзэл баримтлалыг гаргаж, төслийг боловсруулна гэж ярьж байгаа. Тэр нь зөв хандлага байж магадгүй. Яагаад гэвэл яаманд хэвлэлийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн эрх зүйгээр мэргэшсэн хүн байхгүй шүү дээ. Тиймээс анхныхаа зарчмуудыг салбарынханд нь танилцуулж санал авч байгаад түүндээ үндэслээд хуулийн төслөө хийнэ гэж байгаа нь зөв. Ирэх сард төсөл нь бэлэн болох нь уу, яах нь вэ. Тэрийг хэлж мэдэхгүй байна. Энэ бол хариуцаж байгаа яам болон хуулийн төслийг бичиж байгаа хүмүүсээс шалтгаална.
Монгол Улс хэвлэлийн хагас эрх чөлөөтэй гэдэг бол хараат бус байдал нь мөн хугас гэсэн үг байх. Хэвлэл мэдээллийн хараат бус байдал алдагдахад хамгийн их нөлөөлж буй зүйл юу вэ?
Хэвлэл мэдээлэл нийгэмд хоточ нохойн үүрэг гүйцэтгэдэг. ЮНЕСКО болон олон улсын байгууллагууд хэвлэл мэдээллийг чөлөөтэй, олон ургальч, хараат бус байх ёстой гэж үздэг. Чөлөөтэй гэдэг нь хоточ нохойн үүргийг нь хүлээн зөвшөөрнө гэсэн үг. Ялангуяа улс төрийн хүрээнд үүнийг зөвшөөрсөн байх ёстой. Ингэснээр хэвлэл мэдээлэлд нөлөөлөхгүй, нөлөөлөхийг оролдохгүй байх ёстой юм. Олон нийтийн эрх эрх ашигт нийцсэн мэдээлэл олон талаар давуу. Яагаад гэвэл энэ чинь иргэдийн мэдэх ёстой мэдээлэл.
Тиймээс сэтгүүлчид хуулиар нууц эх сурвалжаа хамгаалах эрхтэй. Үүнийг сэтгүүлчдийн хувьд цорын ганц эрх нь гэж үздэг. Учир нь сэтгүүлчид давуу эрхтэй. Сэтгүүлчдэд давуу байдал олгогддог. Яагаад ингэж байгаа юм гэвэл иргэд сэтгүүлчдэд итгэл найдвараа өгч байгаа. Миний өмнөөс яваад мэдээлэл цуглуулж, боловсруулаад надад түгээгээрэй. Гол нь тэрхүү мэдээлэл чинь үнэн байх ёстой шүү. Бид уг мэдээлэлд итгэх ёстой гэсэн үг л дээ. Үүн дээр нь үндэслээд давуу эрх олгогддог.
Олон нийтийн радио телевизийн тухай хуулиар МҮОНРТ-д ажиллаж байгаа сэтгүүлчид нууц эх сурвалжаа хамгаална гэсэн заалттай. Тэгвэл бусад эх сурвалжууд, бусад сэтгүүлчид яах юм бэ гэсэн асуудал гарна. Нөгөө талаас нууц эх сурвалжаа хамгаалахыг ёс зүйн үүрэг гэж үздэг. Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс баталсан Хэвлэл мэдээллийн ёс зүйн код гэж бий. Түүн дотор өөрийнхөө итгэж олж авсан мэдээллийн эх сурвалжийг задруулахгүй гэж байгаа.
Хараат бус байдал гэдэг нь аливаа хөндлөнгийн дарамт шахалтаас хол байна гэсэн санаа. Засгийн газар зэрэг бусад хөндлөнгийн дарамт шахалтаас ангид байх ёстой. Эрх баригчид хэвлэл мэдээлэлд цензур тавихгүй гэдэг ч яг үнэндээ төрөөс хамгийн их цензур тавьдаг. Үүнтэй тэмцэх хэрэгтэй. Үүнийг яаж хуульчлах юм гэдэг л дээ. Угаасаа хуульчилчихсан байгаа. Чөлөөт хэвлэлийн эрх зүйн орчин нь ямар нөхцөлд таатай байдаг вэ гэвэл олон улсын жишээгээр цензурыг хориглосон хууль тогтоомжтой байх ёстой. Манайд энэ зохицуулалт нь байгаа. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд ийм заалт оруулчихсан. Түүнчлэн төрийн байгууллагын мэдээлэл, баримт бичгийг олж үзэх боломжтой. 2011 онд батлагдсан Мэдээлэл олж авах эрх, мэдээллийн ил тод байдлын тухай хуульд энэ эрхийг баталгаажуулсан заалт байгаа.
Бид мэргэжлийн сэтгүүл зүйн үйл ажиллагаа явуулж байна шүү дээ. Энэ нь иргэдийн төлөө болохоос биш сэтгүүлч өөрийнхөө төлөө хийж байгаа ажил биш. Иргэдийг мэдээлэлтэй байлгах, тэдний эрх ашигт нийцсэн тийм мэдээллийг л түгээх ёстой учраас сэтгүүлчдийн эрхийг баталгаажуулсан хууль байдаг.
Эрх баригчдынхаас гадна эздийн цензур хараат бус байдалд заналхийлдэг гэдэг дээ?
Хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэмшил ил тод байх, төвлөрлийг зохицуулах зэрэг бол тулгамдсан асуудал. Төвлөрлийн тухай Иракийн дайнаас хойш хүчтэй ярьж эхэлсэн. Яагаад гэвэл радио, телевиз, сонин, сайт гээд бүх төрлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл нэг гарт төвлөрөх тусмаа хараат бус байдлаа алдаж, эрх чөлөө нь боомилогддог. Тэр бүх сувгаар нэг л юм гарна гэсэн үг. Жишээлбэл, Руберт Мердок гэж Австралийн хэвлэлийн магнат бий. Тэр хүн Австралиасаа халиад АНУ-ын хэвлэл мэдээллийн зах зээлд хөл тавьсан. Дараа нь Европ руу очиж Английн “The Guardian” зэрэг баахан хэвлэл мэдээллийн хэрэгслийг худалдаад авчихсан. Тэгээд Иракийн дайны үеэр бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэл нэг дуугаар дуугарч байсан. Ямар нэгэн олон ургальч үзэл бодол, өөр өнцөг байхгүй. Ганц сөрөг дуу хоолой нь ОХУ-ын хэвлэл мэдээлэл болж байсан. Тэгсэн мөртлөө Оросын хэвлэл өөрсдөө эвгүй байдалд орсон. Тэд эхлээд эзлэн түрэмгийлэгчдийн хүчин гэж нэр томъёо хэрэглэж байсан. Эвслийн хүчний цэргүүд Багдадад орж ирээд Саддам Хуссейний хөшөөг буулгасан. Тэр орой “Время”-гаар ерөөсөө гуравхан блоктой мэдээ явж байгаа юм. Эхлээд Багдад руу цэрэг орж ирсэн тухай мэдээлээд тэр үед сэтгүүлчдийн байрлаж байсан буудал болон НҮБ-ын байр руу буудсан хэрэг гарсныг баахан сенсаацлаж байгаад хоёр дахь мэдээлэл нь Махачкалад сургууль шатсан тухай мэдээлсэн. Тухайн үед ОХУ-ын ДУМ цагаачлалын тухай хууль хэлэлцэж байсан. Тэр хуулийн тухай яриад бүхэл бүтэн “Время” дуусчихаж байгаа юм. Би сонирхоод гэх үү, мэргэжлийн өвчин хөдлөөд шөнийн “Ночьная Время” хөтөлбөрийг нь үзсэн чинь яг өдрийнх шигээ гурван блоктой, яг адилхан мэдээллээ арав арван минутаар яриад л дуусчихсан. Маргаашийнх нь мэдээг нь үзсэн чинь нөгөө эзлэн түрэмгийлэгчдийн хүчин гэж байсан нэр томъёогоо эвслийн хүчин гээд өөрчилчихсөн байгаа юм. Тэгэхээр эвгүй байдалд орж байгаа биз дээ. Энэ бол хэвлэл мэдээлэл хэтэрхий туйлширсных. Энэ үйл явдлаас хойш хэвлэл мэдээллийн төвлөрлийн асуудал маш хүчтэй яригдаж эхэлсэн.
Сэтгүүлчдийг бүртгэлжүүлж болохгүй
Сэтгүүлчдийн нэр хүнд сайнгүй байгаа. Үүнээс болж сэтгүүлчдийг лицензжүүлэх тухай санаа ч салбарынхан дотроос цухалзах болсон. Тэрчлэн сэтгүүлч гэж хэнийг хэлэх вэ гэдэг асуулт байнга гардаг?
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өргөн барьж байсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлд энэ талаар туссан байсан. Одоо ч гэсэн уг хуулийн төслийг дахин боловсруулах гэж байгаатай холбоотойгоор сэтгүүлч гэж хэн юм, сэтгүүлчдийг лицензжүүлье гэх мэт янз бүрийн яриа яваад байгаа. Бид үүн дээр олон улсын хэм хэмжээг л дагна. Олон улсын хэм хэмжээгээр сэтгүүлчдийн тодорхойлолт юу гэж байдгийг хэлье л дээ. ЮНЕСКО-гийн Мэдээлэл харилцааны хөгжлийн олон улсын хөтөлбөр гэж байдаг. Тэндээс гаргасан шийдвэрт сэтгүүлч гэж хэнийг хэлэх талаар “Олон нийтийн эрх ашиг бүхий сэтгүүл зүйн үйл ажиллагаанд татагдан оролцдог сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан, нийгмийн сүлжээний агуулга туурвигчид” хэмээн томъёолсон.
Түүнчлэн сурвалжлагч, гэрэл зургийн сурвалжлагч, агуулга туурвихад дэмжлэг үзүүлдэг ажилтан, хүйн хэвлэл мэдээллийн ажилтан, иргэний сэтгүүлчид ч сэтгүүлч мөн гэж тодорхойлсон. Олон нийтийн эрх ашиг бүхий агуулгын үлэмж хэсгийг туурвигч, эрхлэгч, түгээн дэлгэрүүлэгч энд мөн багтана. Жишээлбэл, дүн шинжилгээ хийсэн янз бүрийн материалууд бичээд түүнийгээ сошиал медиагаар түгээж байгаа хүмүүс сэтгүүлч мөн гэсэн үг. Энэ утгаараа Баабар сэтгүүлч, Де Факто Жаргалсайхан сэтгүүлч. Харин би бол сэтгүүлч биш. Би хэдийгээр сэтгүүлчийн дипломтой боловч өнөөдөр сэтгүүл зүйн үйл ажиллагаа эрхлэхгүй байгаа. Түүнчлэн сэтгүүлчийн дипломтой хэрнээ төрийн байгууллагад ажиллаж байгаа хүн сэтгүүлч хүн биш. Яагаад гэвэл сэтгүүлч мэргэжилтэй ч гэлээ тэр хүн төрийн албан хаагч болчихож байна шүү дээ. Үүний ялгаа заагийг манайхан сайн ойлгодоггүй. Тиймээс бүгдийг нь нийлүүлээд хуульчлах гээд байгаа. Хэрвээ тэгэх юм бол Баабар, Жаргалсайхан, Артанъян эд нарыг сэтгүүлчдийн эвлэлийн гишүүн бол гэж албадах болчих гээд байгаа юм.
Сэтгүүлчдийг ерөөсөө бүртгэж болохгүй, тусгай зөвшөөрөл олгож болохгүй гэдгийг олон улсын хэм хэмжээгээр тогтоочихсон. Жишээлбэл, Европын сэтгүүлчдийн холбооны Ерөнхийлөгч Могиенс Бличер Бгергард “Сэтгүүл зүй бол чөлөөт мэргэжил юм. Сэтгүүлчдэд батламж буюу сертификат олгох, эсвэл хэн сэтгүүлч болохыг тодорхойлох аливаа оролдлого нь хэвлэлийн эрх чөлөөг зөрчиж буй хэрэг” гэж хэлсэн байдаг. Ерөөсөө тусгай зөвшөөрөл олгох нь сэтгүүл зүйн мэргэжлийн хүртээмжийг хязгаарлаж байгаагаараа дэмжлэг болохоос илүү хор уршигтай юм гэж үздэг. Хуульч, эмч нартай харьцуулахад сэтгүүл зүй бол мэдээлэл, үзэл санаа хайх, хүлээн авах түгээх тусгайлан хамгаалагдсан үйл ажиллагаа. Энэ бол үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө. Тийм учраас учраас хэрвээ ийм зөвшөөрөл олгох гэх мэт үйлдэл хийх юм бол үзэл бодлоо илэрхийлэх эрхийн зөрчил юм аа гэдгийг олон улсын эрх зүйн баримт бичгүүдэд хэлчихсэн байгаа.
Сэтгүүлчдийн байгууллагын гишүүн болж байгаа нь өөрийгөө сэтгүүлч гэдгээ баталгаажуулж байгаа хэрэг мөн үү?
Гишүүнчлэл дээр нэг жишээ байдаг. 1985 оны Коста Рикад гарсан хэрэг явдал. Тэд сэтгүүлчдийн холбоог хуульчлах гэж оролдсон. Хуулийн дагуу байгуулж, үйл ажиллагааг нь хуулиар зохицуулдаг байгууллагатай болох гэж үзэж л дээ. Гэтэл эсэргүүцэлтэй тулгарч АНУ- ын Хүний эрхийн шүүх уг асуудлыг хэлэлцээд “Сэтгүүлчдийг мэргэжлийн эвлэл холбооны гишүүн байхыг хүчээр тулгах нь эмзэг асуудал юм” гэсэн шийдвэр гаргасан. Олон улсад үүнийг гол жишиг болгодог. Эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо илэрхийлэх хоёр бол тусдаа эрх. Сэтгүүлчдийн эвлэл, холбоо хэзээ ч сэтгүүлчдийг ямар нэгэн гишүүнчлэлтэй байхыг албадах ёсгүй. Хэрвээ тэгж албадах юм бол хэвлэлийн эрх чөлөөний зөрчил болно. Мэдээж сэтгүүлчид өөрсдийн хүслээр ямар нэгэн зохион байгуулалтад орж болно. Тэр нь тэдний өөрсдийнх нь эрх. Гагцхүү албадаж л болохгүй.
Олон улсын сэтгүүлчдийн холбооны үндсэн хууль гэж байдаг. Манай МСНЭ уг холбооны гишүүн нь. Тэрхүү үндсэн хуульд гишүүнчлэл гэсэн бүлэг бий. Тэнд “Ердийн гишүүнчлэлийн хувьд ажил олгогчдыг хамруулдаг сэтгүүлчдийн эвлэл холбоо эсвэл тусгай салбарт үйл ажиллагаа явуулдаг эвлэл холбоонд Олон улсын сэтгүүлчдийн холбоо нь нээлттэй биш” гэж байгаа. Манай МСНЭ үүнийг зөрччихсөн байгаа. Яагаад гэвэл МСНЭ хэвлэл мэдээллийн эвлэл болохоос биш сэтгүүлчдийн эвлэл биш. Сэтгүүлчдийг ажилд авдаг, халдаг, шийтгэдэг эрх мэдэл бүхий хүн энэ сэтгүүлчдийн эвлэлд байх ёсгүй. Манайх энэ бүхнийг зөрччихөөд Олон улсын сэтгүүлчдийн холбооны гишүүн гээд яваад байгаа. Энэ нь мэдэгдэх юм бол шууд гишүүнчлэлээс хасагдана.
НҮБ-ын зөвлөмжөөс нэгийг ч биелүүлээгүй
Өнгөрсөн сард болсон “Хараат бус сэтгүүл зүй ба хууль эрх зүйн шинэчлэл” хэлэлцүүлгийн үеэр НҮБ- ын Хүний эрхий зөвлөлөөс манай улсад өгсөн хэвлэл мэдээллийн эрх чөлөөтэй холбоотой 8 зөвлөмжийн хэрэгжилтийн тайланг бэлтгэсэн гэдэг мэдээлэл дурдагдсан. Энэ зөвлөмжүүдийн хэрэгжилт ямар байгаа вэ?
Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц үндэсний хууль, тогтоомжийн нэгэн адил түвшинд үйлчлэх ёстой. Тиймээс НҮБ-ын зөвлөмжийг хэрэгжүүлэх ёстой. НҮБ-аас өгсөн 8 зөвлөмжөөс гадна үндэсний хэмжээний 6 зөвлөмж мөн бий. Манай “Глоб интернэшнл” төрийн бус байгууллага “Ил тод” сантай хамтран ЮНЕСКО- гийн Хэвлэл мэдээлийн хөгжлийн шалгуур үзүүлэлтээр Монголын хэвлэл мэдээллийн хөгжлийг үнэлсэн юм. Энэ үнэлгээнд үндэслэж гаргасан 6 зөвлөмж байгаа.
2011, 2017 онуудад НҮБ-ын Хүний эрхийн хорооны чуулганаар Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пактын 19-р зүйлийн хэрэгжилтийн тайланг авч хэлэлцсэн. Эндээс өгсөн зөвлөмжүүд бас байгаа. Энэ зөвлөмжүүд биелээгүй. Манай улс ер нь олон улсын зөвлөмжүүдийг биелүүлэхгүй байгаа.
Жишээлбэл, НҮБ-ын 8 зөвлөмжийг хэрэгжүүлэх Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөө гарсан. Үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй холбоотой 11 зөвлөмж гаргасан. Хэрэгжсэн нь нэг ч байхгүй. Ганцхан хэрэгжсэн гэж байгаа нь Эрүүгийн хуульд байсан гүтгэх гэдэг заалтыг Зөрчлийн тухай хууль руу оруулсан явдал. Үүнийг бид дунд шатны тайланд багтаасан. Мөн эх сурвалжийг хамгаалах, сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалах асуудал бодлогын түвшинд хэрэгжүүлэх шатандаа явж байгаа гэж бид дунд шатны тайландаа оруулсан. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлагдаж, түүнийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд дээрх асуудлууд орчихсон байсан юм. Тиймээс бид тухайн үед бид дунд шатны тайланд үүнийг хэрэгжих шатандаа яваа гэж тайлагнасан. Гэтэл өнөөдөр тэр нь огт хэрэгжээгүй байна. Тиймээс энэ удаагийн тайланд эх сурвалжийг хамгаалах, сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалах талаарх зөвлөмж хэрэгжээгүй гээд л явуулсан. Тэгэхээр Үндсэн хуулийн аравдугаар зүйлд заасан Монгол Улс олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн хариуцлагаа шударгаар сахин биелүүлнэ гэсэн тэр үүрэг хэрэгжихгүй байгаа биз.
Дунд шатны тайланд хэрэгжсэн гэж тайлагнаж байсан Эрүүгийн хуулиас гүтгэх заалтыг хасах зөвлөмж одоо буцаад “унах” нь дээ?
2015 онд гүтгэх, доромжлохтой холбоотой заалтыг Эрүүгийн хуулиас хассан. Гэтэл 2017 оноос мөрдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын 14.8-д “Сонгуулийн үеэр худал гэмт хэрэг тараах” гэмт хэрэгт сонгуульд оролцогч улс төрийн нам, намуудын эвсэл, нэр дэвшигчийн нэр хүндэд халдаж, илт худал мэдээлэл тараасан бол…” гээд буцаагаад оруулаад ирсэн. Тэгэхээр манай улс хүний нэр хүндийг хамгаалахдаа Эрүүгийн хуулиар шийддэг нь хэвээрээ. Одоо дээрээс нь дахиад нэмж оруулах гээд байгаа. Уг нь гүтгэх заалт Зөрчлийн хууль руу орсон. Гэхдээ энэ бол жижиг гэмт хэрэг л гэж үзэж байгаа хэрэг. НҮБ гүтгэхтэй холбоотой асуудлыг Эрүүгийн хуулиар зохицуулахгүй, үүнийг иргэний хуулиар зохицуулаач гэсэн зөвлөмжийг л улс орнуудад өгдөг.Учир нь үүнийг иргэн хоорондын маргаан гэж үздэг. Тэгээд ч манайд гүтгэх үйлдэл Иргэний хуулиар зохицуулагдчихсан асуудал.
Гүтгэхтэй холбоотой заалт Эрүүгийн хуульд яг энэ хэвээрээ ороод ирвэл сэтгүүл зүйн үйл ажиллагаанд хамгийн халтай зохицуулалт болно. Хууль санаачлагчдын яриад байгаа нэг үндэслэл нь мэдээллийн технологи хөгжсөн энэ үед дуртай хүн компьютерын ард нэр, нүүрээ нуучихаад бусдыг гүтгээд байна гэдэг тайлбар. Энэ чинь тусдаа гэмт хэрэг. Нөгөө талаар гүтгэхтэй холбоотой заалтыг Эрүүгийн хуульд оруулахдаа дор нь төрийн өндөр албан тушаалтанд хамаарахгүй гэсэн тайлбар оруулна гээд байгаа. Тэглээ ч гэсэн одоогийн байгаа томъёоллоор Эрүүгийн хууль батлагдвал айдас төрүүлнэ. “Өө, би эрүүгийн гэмт хэрэгтэн болчихож мэднэ” гээд иргэд хэлэх гэж байсан үгээ хэлэхээ болино. Энэ нь шүгэлдэгчийн хувьд ч тэдний эрхийн эсрэг зохицуулалт болж байгаа юм.
Сошиал орчныг бохирдуулагчид нь улстөрчид
Хэвлэлийн эрх чөлөөтэй холбоотой хэрэглэдэг түлхүүр үгийн нэг бол нууцын асуудал. Нууцын тухай хуулиуд мэдээлэл авахад саад болдог тохиолдол олон?
Мэдээлэл авах хязгаарлалт маш олон болчихсон. Төрийн ба албаны нууцын тухай хууль дээр манай байгууллага судалгаа хийсэн. Төрийн байгууллага нь өөрөө нууцаа тодорхойлдог, нууцынхаа жагсаалтыг баталдаг болгочихсон. Тэгэхээр дуртай юмаа нууцын жагсаалтад оруулж батлана гэсэн үг. Тухайн байгууллагын дарга нь өөрөө нууц гэж үзвэл юу ч байсан нууцад хамруулчихдаг болчихоод байгаа. Манай байгууллагаас сая хийсэн судалгаагаар МҮОНР-ийн сэтгүүлчийн Газрын албаны даргатай хийсэн ярилцлага анхаарал татсан жишээ болж орсон. Сэтгүүлч “Хотын А бүсэд газар эзэмшиж, түрээсэлж, ашиглаж байгаа хүмүүсийн нэрийг ил тод болгож болох уу?” гэсэн чинь Газрын албаны дарга “Хувийн нууц” гэж байгаа юм. “Тэгвэл кадастрын зургийг ил болгож болох уу?” гэсэн чинь “Төрийн нууц” гэж хариулсан байна лээ. Зүй нь бол Авлигатай тэмцэх хуулийн дагуу хөрөнгө орлогын мэдүүлэг, ашиг сонирхлын зөрчлийн мэдүүлгээ өгөх ёстой тэр албан тушаалтнуудын мэдээллийг нээлттэй гаргаж ирэх ёстой шүү дээ
Гэтэл нөгөө талаар манай улс хувийн нууцын тухай хуульд ямар нэг нэмэлт, өөрчлөлт оруулаагүй. Хувийн нууц гэдэг маш эмзэг бөгөөд чухал. Хүн бүхэн халдашгүй дархан эрхтэй. Тэгсэн мөртлөө аль 1995 оны хууль хэвээрээ. Орчин үеийн технологийн дэвшил, нөхцөл орчинтой холбогдож өөрчлөгдөөгүй. Бид дэлгүүрээс юм худалдаж авахдаа хүртэл хурууныхаа хээг өгдөг. Бидний хурууны хээний мэдээллийг төр авчихаад яаж хадгалдаг юм. Үүнийг урвуулан ашиглахгүй гэх баталгаа хаана байгаа юм. Тийм баталгаа огт байхгүй.
Мэдээллийн технологи хөгжсөнөөр бидний бүх мэдээлэл онлайн болчихлоо. Банк, үүрэн телефоны операторууд бүх хүний мэдээлэл бий. Гэтэл өгөгдлийг хамгаалах хууль манайд одоо хүртэл байхгүй.
Онлайн орчинд иргэн хүний эдлэх эрх ямар онцлогтой вэ?
НҮБ-ын тусгай илтгэгчдийн онцолсноор иргэд онлайн орчинд оффлайн орчинд эдэлж байсан бүх эрхийг эдэлнэ. Тэнд тавигдсан хязгаарлалт онлайнд мөн тавигдана. Тэгэхээр хүн хувийн нууцтай байх ёстой. Өмч хөрөнгө, орлогын тухай мэдээлэл нь нууц байх ёстой. Гэтэл одоо бүгд ил байгаа. Бидний мэдээллийг банкууд яаж ашиглаж байгаа тухай мэдээлэл огт байхгүй.
Сошиал орчинд гүтгэлэг, доромжлол, залилан гээд элдэв төрлийн гэмт хэрэг үйлдэгдэж байна. Хүний эрх талаас нь үүнд ямар зохицуулалт хийх ёстой вэ?
Сошал медиатай холбоотой үүсч буй асуудал ганц Монголынх биш. Нийгмийн хэвлэл мэдээллийн хямрал гэсэн нэр томъёо бий болсон. Муу муухай юм их байлаа гээд сошиал медиа хэрэглэгчдийг регистрийн дугаараар бүртгэнэ гэдэг хамгийн буруу хандлага. Ийм санал УИХ дээр яригдсан. Үүнийг хүлээн зөвшөөрч болохгүй. Бас сэтгэгдлийг зохицуулна гээд IP хаягийг ил болгосон. Ингэж ил болгох ёсгүй. Энэ бол хүний хувийн нууцын асуудал. Ингээд нэр төр гутаах, садар самууныг сурталчлах гэх мэт агуулгуудыг хянаж, тухайн иргэнийг илчлэх үүргийг нь хувийн компаниудад өгчихсөн. Интернэт, телефон үйлчилгээний компаниуд Харилцаа холбооны зохицуулах хорооноос үүрэг чиглэл өгөх юм бол хэний ч утсыг чагнана, сошиал дахь мэдээллийг нь гаргаад өгнө. Зүй нь бол шүүхийн шийдвэр гарч байж ийм арга хэмжээ авах ёстой.
Үнэндээ бол сошиал орчинд бусдыг гүтгэн доромжилж, бүлэглэж дайрах үйл ажиллагааг улстөрчид санаачлаад байгаа болохоос биш жирийн иргэд тэгэхгүй. Улстөрчид мөнгөө төлөөд сошиалчдын бүлэг, баг үүсгээд албаар хийж байгаа. Өнгөрсөн хоёр удаагийн сонгуулийн сурталчилгаа ямар бохир болсныг бид харсан шүү дээ. Улстөрчид өөрсдөө тийм юм хийчихээд сүүлд нь өөрсдийнхөө ёс зүйн асуудлыг хоорондооо ярихаас илүү буруугаа жирийн иргэнд аваачиж тохоод, хуулиа чангаруулна гээд яриад байгаа нь харамсалтай.
Сошиал орчин болон хэвлэл мэдээлэлд агуулгын хяналт тавих нь зөв үү?
Зохистой хязгаарлалт гэж бий. Манайд агуулгын хязгаарлалт хийхдээ нарийвчилсан тодорхойлолт байдаггүй юм. Жишээлбэл, садар самууныг хориглоно гэж байгаа. Гэтэл яг юуг садар самуун гэж хэлээд байгаа юм гэдэг тодорхойлолт байхгүй. Тэгэхээр үүнийг яаж ч урвуулж ажиглаж, яаж ч тайлбарлаж болно. Тодорхой агуулгыг хязгаарлахдаа заавал хуулиар хийх ёстой. Энэ нь зайлшгүй гэдгийг нотолсон байх ёстой. Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пактад хэвлэл мэдээллийг агуулгыг хязгаарлах гурван нөхцөлийг зааж өгсөн. Энэ нь үндэсний аюулгүй байдлыг хамгаалах, бусдын эрх чөлөө, нэр хүндийг хамгаалах, нийгмийн дэг журам, нийтийн эрүүл мэнд, нийтийн аюулгүй байдлыг хамгаалах үүднээс агуулгын хязгаарлалт тавьж болно гэсэн байдаг.
Тиймээс хүчирхийлэлд уриалан дуудсан, дайн сурталчилсан, терроризмыг өөгшүүлсэн ч гэдэг ч юм уу ийм агуулгаар мэдээлэл түгээж болохгүй. Манайхан байлдъя, тэдэн хүний толгойг таслая, тойроод бүжиглэе гэх мэт хачин юм яриад байна шүү дээ. Энэ бол нийгмийн зан суртахуун, моралийн асуудал. Үүнийг Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пактын 20-р зүйлээр бүрэн хязгаарласан байдаг. Уг пактад нэгдэж орсон улс орнууд үүнийг хууль болгон хэрэгжүүлэх үүрэг амлалт авна гээд заачихсан.
“Үндэстний тойм” сэтгүүл 2019.11.11 №31 (420)