Ардчилсан Намын дарга, АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл БНХАУ-ын Коммунист Намын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл БНХАУ-ын Коммунист Намын (ХКН) хүсэлтийн дагуу 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр БНХАУ-ын Коммунист Намын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтад БНХАУ-ын талаас Төв, Төрийн Байгууллагын Ажлын Хорооны Гүйцэтгэх дэд захирал (Сайд) Гуо Вэньчи, ХКН-ын ТХ-ны гадаад харилцааны яамны намын хорооны дэд дарга, сахилга батын шалгалтын хорооны дарга Дун Вэйхуа, Төв болон Улсын байгууллагуудын Ажлын хорооны тамгын газрын дэд дарга, багийн ахлагчийн туслах Шэнь Чуаньлян, ХКН-ын ТХ-ны ГХЯ-ны I газрын ерөнхий хэлтсийн дэд дарга Руань Руй тэргүүтэй төлөөлөгчид, мөн БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэн Минжуань болон Элчин сайдын яамны албаны төлөөлөгчид оролцлоо.

Ардчилсан Намаас Намын дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат, Г.Очирбат, Ардчилсан намын Нарийн бичгийн дарга, УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх А.Батпүрэв, Гадаад харилцаа хариуцсан Нарийн бичгийн дарга И.Индранила нар оролцлоо.

Уулзалтын үеэр талууд хоёр намын хоорондын харилцаа, харилцан ойлголцлыг улам бэхжүүлэх, цаашдын хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулан өргөжүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцов. Түүнчлэн ХКН-ын зүгээс Ардчилсан намын боловсон хүчнийг БНХАУ-д сургаж, чадавхжуулах чиглэлээр бодитой дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Улс төрийн намуудын хоорондын идэвхтэй харилцаа, харилцан итгэлцэл нь хоёр орны харилцааг гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг талууд онцлон тэмдэглэв.