Шинэ коронавирусийг оношлох оношлуур өчигдөр /2020.01.27/ 22.00 цагийн үед Япон улсаас ирсэн талаар Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар мэдээллээ. Өнөөдрийн байдлаар манай улс 200 ширхэг оношлуурыг хүлээн авсан бөгөөд цаашид БНХАУ-д хийсэн оношлуурыг авч хэрэглэх талаар ярилцаж байна гэв.
Мөн тэрбээр хэлэхдээ “Анх шинэ коронавирусийн халдвар яригдаж эхэлснээс хойш Хятадын эрдэмтэн, судлаачид ДНХ-ийн нуклеотидийн дарааллыг тогтоох дээр маш эрчимтэй ажилласан. SARS-ийн халдвар гарч эхэлсэн үед ДНХ-ийн нуклеотидийн дарааллыг тогтооход дөрөв гаруй сар зарцуулсан гэдэг. Харин шинэ коронавирусийн нуклеотидийн дарааллыг 20 орчим хоногийн дотор хятадын эрдэмтэд тогтоож чадсан. Үүнийхээ үр дүнг ДЭМБ болон бусад улсын эрүүл мэндийн байгууллагатай хуваалцаж, оношлуурыг хийж эхэлсэн.
Өмнө нь манай улсад дөрвөн төрлийн коронавирусийн халдварыг илрүүлж байсан. Тэдгээр нь нутагшмал тархалттай болсон учраас бид байнга томуугийн тогтолцооны нэг хэсэг болгон оношилж байгаа. Зарим хүн өнөөдөр аппарат тоног төхөөрөмж авлаа гэж буруу ойлгож байна. Аппаратын хувьд ХӨСҮТ-ийн лавлагаа лабораторид бэлэн байсан. Бодит хугацааны PCR буюу Полимеразийн гинжин урвалыг аппаратаар үздэг. Харин эдгээр оношлуурыг өнөөдөр хүлээж авснаар ХонгКонгоос халуунтай ирсэн хоёр иргэний шинжилгээний хариу урьдчилсан байдлаар маргааш /2020.01.28/ гарах боломжтой боллоо” гэдгийг онцлов.