Тажикистан улс Ерөнхийлөгчийн эрх мэдэл давамгайлсан засаглалтай. Эмомали Рахмон 1952 оны аравдугаар сарын 5-нд тухайн үеийн ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Тажикистан улсын Дангара дүүрэгт энгийн тариачны гэр бүлд мэндэлжээ.
1971-1974 онд ЗХУ-ын усан цэрэгт алба хаасан бөгөөд цэргийн албанаас халагдаад тосгондоо цахилгаанчнаар хэсэг ажилласан.
Рахмон 1982 онд Тажикистаны Үндэсний Их Сургуулийг мэргэжлийн дипломтой дүүргэсэн. Төгсөөд Дангарад хэдэн жил Совхозд (төрийн эзэмшлийн тариалангийн үйлдвэр) ажиллаад совхозын дарга болжээ.
1970-аад онд Азизмо Асадулаева гэх бүсгүйтэй гэрлэсэн бөгөөд долоон охин, хоёр хүүтэй. Түүний том охин Озода Рахман Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, гурав дахь охин Рүкшона Рахмонова Гадаад Харилцааны Яамны олон улсын байгууллага хариуцсан хэлтсийн дарга, зургаа дахь охин Зарина Рахмон Тажикистаны хамгийн том хувийн банканд хэлтсийн дарга, том хүү Рустам Эмомали Тажикистаны нийслэл Душанбэ хотын даргаар ажилладаг байна.
Харин түүний бага хүү 26 настай Сомон Эмомали инстаграмд 3.4 сая дагагчтай бөгөөд интернэтийг хэсэг шуугиулаад амжсан юм.
Улс төрийн карьерын хувьд 1990 онд ЗСБНХУ-ын Дээд зөвлөлд ардын депутатаар сонгогджээ. 1992 оны арваннэгдүгээр сард Дээд Зөвлөл хуралдан Тажикистанд ардчилсан парлементыг байгуулж Эмомалиг Дээд Зөвлөлийн дарга, Засгийн газрын даргаар томилов.
1992-1997 он хүртэл үргэлжилсэн иргэний дайнд 100 мянга гаруй хүн амь үрэгдсэн. Харин ерөнхийлөгч Эмомали Рахмон нэг халдлагаас амьд үлдэж , хоёр төрийн эргэлтийг зогсоосон байна.
Тажикистан улсын ерөнхийлөгчийн сонгууль долоон жил тутамд явагддаг. Тэрээр сонгууль бүрд илт давуу ялалт байгуулдаг бөгөөд 1994 он 50-иас дээш хувь, 1999 онд 97 хувь, 2006 онд 79 хувь, 2013 онд 84 хувь, 2020 оны сонгуулиар 90.9 хувийн санал авч тав дахь удаагаа улиран сонгогджээ.
Тажикистан нь 10 гаруй сая хүн амтай. Дотоодын нийт бүтээгдэхүүн нь 17 орчим тэрбум ам.доллар. Эдийн засагт нь өнгөт металл, усан цахилгаан станц, хөдөө аж ахуй, тээвэр, харилцаа холбоо, уул уурхай, хүнс, хөнгөн болон химийн үйлдвэр голлох үүрэгтэй.
Эрдэс баялаг, хөвөн, анхдагч хөнгөн цагаан, эрчим хүч, жимс, хүнсний ногоо, хөвөн даавуун утас, цемент, арьс, шир экспортод гаргаж, хүнс, машин, тоног төхөөрөмж, барилгын материал, химийн бүтээгдэхүүн импортоор авдаг.
Тажикистан нь гол мөрөн, нуур, усны нөөц арвинтай. Төв Азийн усны нөөцийн 60 хувь нь эдгээр гол мөрөнд ноогддог бөгөөд цэнгэг усныхаа нөөцөөр дэлхийд наймдугаарт ордог юм.