Хуульзүйн сайд С.Амарсайхан, ШШГЕГ-ын дарга А.Намсамандын хэн нь албан тушаалтайгаа үлдэхийг өнөөдрийн ЗГ-ын хуралдаанаар шийднэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 10:00 цагаас эхлэхээр товлогджээ.  Хуралдаанаар зарим хуулийн төслүүд болон цаг үеийн асуудлыг хэлэлцэх юм байна.

Мөн Ерөнхий сайд удган Б.Булнайтай цагдаагийн алба хаагчаар дамжуулан ял наймаалцахаар оролдсон гэх бичлэг, мэдээлэл цахим орчинд нийтлэгдсэнийг зүгээр хараад өнгөрөөхгүй гэдгээ мэдэгдсэн.

Үүний дараа ШШГЕГ-ын дарга А.Намсаманд тэргүүтэй удирдлагууд С.Амарсайханы хийсэн гэх хууль бус томилгоо болон бусад үйлдлүүдийн талаар “шүгэл үлээсэн”.

Харин Хуульзүйн сайд С.Амарсайхан өчигдөр хэвлэлийн хурал зарлаж цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагуудтай холбоотой хэд хэдэн НОЦТОЙ мэдээллийг дэлгэж, чөлөөлөх саналыг өнөөдрийн ЗГ-ын хуралдаанаар оруулна гэж мэдээлсэн юм.

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан:

-А.Намсаманд хоригдлуудаар байшин бариулж, 408 сая төгрөгийг зориулалтын бусаар хувьдаа зарцуулж, Зайсанд нэг өрөө байр авсан

-А.Намсаманд улс төрийн хамаг будилааныг хутгаж байгаа Г.Занданшатарын захиалгыг гүйцэтгэх гэж миний өрөөнд орж ирсэн

-Б.Оюутболд ардаа алтны уурхайтай, төрийн өндөр албан тушаалтнуудын улс төрийг санхүүжүүлдэг, уулын аман дээр цагдаа зогсоочхоод хууль бус олборлолт явуулдаг

-Б.Энхбаяр 777 цагдаагийн 13 дахь сарын цалинг хасаж 7.9 тэрбум төгрөгийг А.Намсамандтай хамтарч ШШГЕГ-т шилжүүлэн, цагдаа нарыг цалингүй болгосон талаар онцолсон. Мөн үүнээс гадна хамгийн ноцтой нь, Төрийн цэргийн мөрдэстнүүд “Төрийн эрхийг хууль бусаар авах” гэж бүлэглэн өнөөдрийн нөхцөл байдлыг үүсгэсэн.

Хорих ангиудыг өндөржүүлсэн бэлэн байдалд оруулж ард түмний эсрэг, төрийн эсрэг хорих ангиудыг, хоригдлуудыг дайчлах гэж байсан тухай мэдэгдсэн нь өчигдрийн мэдээллээс хамгийн их анхаарал татах өнцгүүдийн нэг байсан юм.

Хуралдаанаас гарсан шийдвэрийг бид эргэн мэдээлэх болно.